Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оноос нэмнэ
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхээр хуульчилсан байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. УИХ хоригийг хүлээж авснаар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэхээргүй болоод байгаа юм.
Энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн “Нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оноос нэмэхээр болж, нэг жил хойшлуулсан. Нэмэхээс өөр аргагүй нөхцөл байдалд байна. Тэтгэврийн сан ойролцоогоор улсын төсвөөс 600 орчим тэрбум төгрөгийн татаас жил бүр авч байгаа. Энэ ганц Монголд биш бүх улс оронд тулгарч буй сорилт. Дэлхийн бүх улс орон ерөнхийдөө тэтгэврийн насаа нэмж, шинэчлэл хийж эхэлсэн. Зарим улс оронд тэтгэврийн сангийн жилийн зардал ДНБ-ий есөн хувьтай тэнцэж байна. Манайх харин харьцангуй гайгүй боловч эрүүл гэж нэрлэхэд хэцүү. Тэгэхээр энэ үед орлого, зарлагыг нь ойртуулах бодлогын өөрчлөлт хийхгүй бол хүндэрнэ” гэлээ.
Нэг ёсондоо, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх эсэхийг сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан дараагийн Их хурал, Засгийн газар шийдэг гэж үзсэн байна. Гэхдээ ирэх оны төсөвт нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг тооцсон. Шимтгэлийн нэмэгдүүлэх хугацааг хойшлуулбал төсөвт алдагдал үүснэ. Үүнийг УИХ нөхнө гэж тооцож буй аж.
Н.Мичидмаа
Эx сурвaлж: Zarig.mn