Сургуулийн хүүхдүүдийг тээвэрлэх автобусны нэгтгэл байгуулахаар болов

 

Нийслэлийн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж сургуулийн хүүхдүүдийг тээвэрлэх автобусны нэгтгэл байгуулахаар тогтов.Хуралдаанд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Хүүхдийн автобус” төслийг танилцуулсан юм. Хөдөлгөөний оргил ачааллын цагаар ЕБС-ийн сурагчдыг тээвэрлэхдээ нийслэл хотын 4 чиглэлд нийт 12 тээврийн хэрэгслийг өглөө, өдөр, орой гэсэн цагийн хуваарийн дагуу 5-10 минут тутамд явуулж байхаар төлөвлөжээ. Дээрх чиглэлд явах автобусууд нь хүүхдийн автобусанд тавих стандартыг хангасан, байршил тогтоогч суурилуулсан, чиглэл, маршрут, зогсох цагийн хуваарийг нарийн гарган, мэргэшсэн жолооч ажиллуулахаар болсныг танилцууллаа.

Нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилд 245 сургууль үйл ажиллагаа явуулж нийт 264.240 сурагч суралцаж байгаагаас төрийн өмчийн 137, төрийн бус өмчийн 108 сургууль байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн 7 дүүргийн төрийн өмчийн 31, төрийн бус өмчийн 21 нийт 52 сургуульд 130 автобусаар 6784 сурагчийг тээвэрлэж байна. 2018 онд 59, 74, 109 дүгээр сургуулиудад хүүхдийн автобус олгосон байна. ЕБС-ийн хүүхдүүдийн зорчиж буйг судалж үзвэл 2018 оны байдлаар сурагчдын 53.9 хувь буюу 128.984 хүүхэд явган явж, 28.3 хувь буюу 67.645 нь нийтийн тээврээр, 17.4 хувь буюу 42.566 хувь нь хувийн автомашинаар үйлчлүүлж байна. Хотын замын хөдөлгөөний түгжрэлийн оргил ачааллын өглөөний 08:00 цагт сургуулийн 1 дүгээр ээлжинд нийт 42.269 хүүхэд, харин 2 дугаар ээлж 13.30 цагаас 31.636 хүүхэд, 3 дугаар ээлж  болох 15:00 цагаас 2863 хүүхэд хичээллэж байна.

Ажлын хэсэг “Хүүхдийн автобус” төслийн судалгааг илүү нарийн хийж, бодитой гаргах шаардлагатайг онцлоод нийслэлээс хэрэгжүүлдэг “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөртэй уялдуулан хүүхдүүдийг сургуульд хүргэх болон авах үйлчилгээг эцэх эхчүүдтэй хамт зохион байгуулахаар боллоо. Мөн сургуулийн автобусны нэгтгэл байгуулах, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө орчмын 49 сургуулийг автобустай болгох дээр санал нэгдэв.

 

Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ахлан ажиллаж байгаа юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.39.176)