Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувийн хөмрөгийг нөхөн бүрдүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний урлагийн их театр, Улсын филармони, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, УДБЭТ, Монгол Улсын Консерватори, МҮОНРТ-ийн алтан фонд, гэр бүл, хувь хүмүүст хадгалагдаж байгаа Л.Мөрдоржийн нот, гар бичмэл, дуу авиа болон дүрст өвийн санг Үндэсний төв архивт хүлээлгэн өгөх ёслол өчигдөр боллоо.
Үндэсний төв архивын сан хөмрөгт урлаг соёл, утга зохиолын салбарын зүтгэлнүүдийн хувийн гаралтай баримт хадгалагддаг.
Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувийн хөмрөгийг баяжуулах, Л.Мөрдорж судлалыг хөгжүүлэх, баримтат өвийг хамгаалах зорилгоор “Лувсанжамбын Мөрдорж сан” “Л.Мөрдоржийн баримтат өвийг хадгалан хамгаалах төсөл”-ийг санаачлан БСШУСЯ-ны дэмжлэгтэй Архивын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлсэн юм. Үндэсний төв архивт “Л.Мөрдоржийн хувийн хөмрөг”-т хөгжмийн нот, гар бичмэл зэрэг баримтууд болон хөгжмийг нь бичсэн баримтат болон уран сайхны кино, гэрэл зургийн баримтууд хадгалагдан эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орж олон нийтийн хүртээл болсоор ирсэн.
Түүний хувийн хөмрөгийг баяжуулахад соёл урлагийн байгууллагууд болон МҮОНРТ-ийн алтан фонд, гэр бүл, хувь хүмүүст хадгалагдаж байгаа нот, гар бичмэл, дуу авиа болон гэрэл зураг, дүрс бичлэгийн баримтыг сурвалжлан илрүүлж, цахим хувийг Үндэсний төв архивд нөхөн бүрдүүлэлтээр хүлээлгэн өгөв.
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдорж нь орчин цагийн монголын үндэсний найрал хөгжмийг үндэслэн байгуулж, бүтэц бүрэлдэхүүн ба найруулга зүйн хувьд сонгодог түвшинд хүргэж, үндэсний хөгжимд найруулга хийх орчин цагийн дэг суурийг үндэслэн буй болгосон монголын хөгжмийн урлагт хувь нэмэр оруулсан билээ.
Хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн хувийн хөмрөгийн архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 26-30-нд Архивын ерөнхий газрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлж байна.
Ёслолд Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон бусад удирдлагууд, “Лувсанжамбын Мөрдорж” сангийн тэргүүн Э.Бадрал, хөгжмийн зохиолчийн ач, зээ нар, МУАЖ, ОХУ-ын БурУУГЗ, СУИС-ийн хүндэт профессор Д.Ухнаа, МУСГЗ, доктор Д.Цэдэв, хөгжим судлаач Х.Буянхишиг, МУГЖ, хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ болон урлаг судлаачид оролцлоо.