Ирэх оноос шинээр бүртгүүлэх компанийн эцсийн өмчлөгчийг бүртгэдэг болно
Татварын тухай хуульд өөрчлөлт орсны дагуу хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас баталсан маягтын дагуу мэдүүлэх болсонтой холбогдуулан тус газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан.
Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын 9 дүгээр зүйлд “2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.” гэж заасан.
Өмнө нь зөвхөн ашигт малтмалын лицензтэй компаниудын эцсийн өмчлөгчийг бүртгэдэг байсан бол одооноос Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн 194 мянган аж ахуйн нэгж эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллээ УБЕГ-аас баталсан журам, маягтын дагуу мэдүүлдэг болж буй юм. Эцсийн өмчлөгчийг мэдүүлдэг болсноор УБЕГ, Татварын ерөнхий газар болон бусад холбогдох төрийн байгууллагууд нэгдсэн мэдээлэлтэй болно.
Эцсийн өмчлөгч гэдэг нь хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа, мөн хуулийн этгээдийн хувьцааг шууд эзэмшдэггүй боловч бусдаар өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж, үр шим, ашиг орлогыг хүртэж буй хүнийг хэлнэ.
Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь мэдүүлгээ үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.
Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар