Хар тамхины хэргээр шийтгэгдсэн Б.Амархүү хар тамхины эсрэг хөдөлгөөнд нэгдэнэ
Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэсэн, хадгалсан гэх хэрэгт анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял авсан ч давж заалдах шатны шүүхээс түүнийг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл тэрээр өчигдөр телевизийн ярилцлагад орох үеэрээ ард түмнээс уучлалт гуйсан байна.
” Та бүхнийхээ сэтгэлийг маш удаан хугацаанд зовоож байсандаа чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна. Уг нь та бүхнийхээ итгэлийг алдахгүй гэж их хичээж явсан юм. Ээж, аав, эхнэр, хүүхэд, намайг дэмжиж дууг минь сонсдог залуучууд, өвөө, эмээ болон бүх Монголчуудаасаа хамгийн түрүүнд уучлалт гуймаар байна. Дахиж би ийм зүйл огт орооцолдохгүй. Цаашдаа олон уран бүтээл хийж зүтгэж ажиллах болно. Хамгийн гол нь ийм урт хугацаанд намайг шүүмжилж, өмөөрч байсан бүх хүмүүст баярлалаа. Би огт гомдоогүй. Би цаашдаа хар тамхи, мансууруулах бодисын эсрэг “Эрүүл Монголын төлөө" хөдөлгөөнд нэгдэнэ” гэжээ.
Т.Сaйxaн
Эх сурвалж: Polit.mn