Автобусны кондуктор 10 настай охиныг оройн цагаар хөөж буулгажээ
Автобусны кондуктор 10 настай жаахан охиныг оройн цагаар эзгүй газарт хөөж буулгасан тохиолдол хойд хөршийн Новосибирск хотод гарчээ. Кондуктор охиноос дунд сургуулийн сурагч гэдгээ батлах баримт бичиг шаардаж, байгаагүй тул ийн хатуу хандсан гэнэ. Новосибирск нь хойд туйлтай ойрхон тул өвлийн улиралд эрт харанхуй болдог. Кондуктор охиныг оройн 18.00 цаг өнгөрч байх үед хөөж буулгасан гэнэ.
Охины ээж энэ талаар олон нийтийн сүлжээнд бичсэнийг “Комсомольская правда”, “Экспресс газета” сонинууд мэдээлэн олон нийтэд хүргэсэн байна.
Охины ээж “Кондуктор охиноос маань сурагчийн үнэмлэхээ үзүүлэхийг шаардсан байсан. Сургуульд ороод дөрвөн жил болоход нэг ч кондуктор ингэж шаардаж байгаагүй тул охинд маань үзүүлэх юм байгаагүй. Гэтэл эзгүй буудал дээр хөөж буулгасан байсан. Азаар охин маань одоо гэртээ байна” хэмээн бичжээ.
Хэвлэлээр гарч байгаа мэдээллээс үзвэл нийтийн тээврийн компани уг кондукторыг ажлаас нь халжээ. Бичиг баримт шаардах эрхтэй ч бага насны хүүхдийг эрсдэлтэй газар орхиж харгис хандсан гэж шийтгэсэн байна. Хэргийн эзэн кондуктор ажлын анхны өдрөө үүрэг гүцэтгэж байсан гэж компанийн удирдлага мэдэгдэн шуугианыг дарж байгаа аж.
Охины гар утасны цэнэг суусан учир уйлан зогсож байтал дараагийн автобусны жолооч ирж авснаар гэртээ харьжээ.