Капитал банкийг сонгосон иргэд яаралтай мэдээллээ шинэчлэх ёстой

 

Хэрэглэгчийн мэдээлэл нь зөрсөн 13 мянга 90 татвар төлөгч байна

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг ирэх онд хийнэ. 2018 онд 793 мянга гаруй татвар төлөгч иргэнд 121.4 тэрбум төгрөгийг буцаан олгосон байдаг. Харин энэ жилийн буцаан олголтоор өгөх мөнгөний хэмжээ эцсийн байдлаар гараагүй байна.

Хэрэглэгчийн мэдээлэл зөрсөн буюу регистрийн дугаараа оруулаагүй, зөрүүтэй 13 мянга 90 татвар төлөгч байгаа гэнэ. Мөн Давхар бүртгэлтэй буюу утасны дугаараа солиод өөр аккаунт нээсэн 43 мянга 714 иргэн байгаагаас гадна Капитал банкийг сонгосон 309 иргэн байна. Эдгээр иргэдэд и баримтын аппликэйшнээр нь дамжуулж мэдээллээ шинэчлэх хүсэлт явуулсан байна.

ТЕГ-ын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцэг “НӨАТ-ын буцаан олголтын ажлын хүрээнд давхар аккаунттай, хэрэглэгчийн мэдээлэл нь дутуу болон хувийн мэдээллийнхээ харилцах банк дээр Капитал банкийг сонгосон иргэд рүү бид хэрэглэгчийн мэдээллээ засварла гэдэг мэдэгдлүүдийг гар утасны и баримт аппликэйшн руу нь явуулсан. Тиймээс гар утасны аппликэйшн дээр нь мэдээлэл ирсэн иргэд яаралтай хувийн мэдээллээ засварлах хэрэгтэй” гэв.

Иргэд мэдээллээ ибаримт.мн сайтад хандаж, эсвэл өөрийн хэрэглэдэг аппликейшнээр шинэчлэх боломжтой. Хэрвээ буцаан олголтоос өмнө шинэчлээгүй бол хүлээлгийн горимд шилжихээр байгаа юм.  

Мөн 2019 оны бүртгүүлж амжаагүй байгаа баримтаа ирэх оны 1-р сарын 8-ны 23 цаг 59 минутаас өмнө бүргүүлэх ёстой. Энэ хугацаанаас өмнө бүртгүүлээгүй бол буцаан олголт хийгдэхгүй гэдгийг анхааруулъя.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.109.244)