С.Баатаржав, Д.Гэрэл, М.Энх-Амар нарт генерал цол олголоо

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой өчигдөр /12.29/ тохиов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нарт генерал цол хүртээлээ. 

С.Баатаржав нь Цагдан сэргийлэх дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан. Улмаар ЦЕГ-ын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байв. Түүнийг цагдаагийн байгууллагын ажлыг шинэ шатанд гаргахад ихээхэн хувь нэмрээ оруулсан хэмээн үзжээ.

Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургууль төгсөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байв. Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны тавюдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Өдгөө ТЕГ-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж буй юм.

Хурандаа М.Энх-Амар нь 2009 оноос хойш Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Тэрбээр Сүхбаатар аймагт 1966 онд төрсөн. МУБИС-ийг Шугам зургийн багш мэргэжлээр төгсчээ.

Т.Сaйxaн

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.151.90)