Бяцхан гоц авьяастан, дуучин Б.Бат-Энэрэл: Хүмүүсийн баяр хөөр нь алга ташихаас л мэдэгддэг юм шүү дээ

Таван жилийн өмнө “Орчлонг хайрлаарай” дууг цахим орчлонд цангинатал дуулж олны танил болж байсан бяцхан хүү Б.Бат-Энэрэл  эдүгээ ард түмний хайртай бяцхан дуучин  болтлоо танигдаж түүнийхээ хэрээр урын сан нь ч нэмэгдээд байгаа билээ. Тэрээр   2011 оны долдугаар сарын 7-ны энэ өдөр амин хайртай ээжийнхээ үр нь болж хорвоод мэндэлжээ. Шинэ оны босгон дээр “Баянгол дүүргийн хүмүүнлэгийн манлайлагч-2019” шагнал, өргөмжлөлийн эзэн болсон  Нийслэлийн ЕБС-ийн 40-р сургуулийн II  ангийн сурагч  Б.Бат-Энэрэлтэй ярилцсанаа хүргэе.  

Шинэ оны босгон дээр ХҮМҮҮНЛЭГИЙН МАНЛАЙЛАГЧ” шагнал авчээ. Халуун баяр хүргэе.  Миний дүүгийн хувьд хүмүүнлэг гэж чухам юу юм бол. Энэ тухай ярилцлагаа эхэлье…

-Хүмүүнлэг гэж байна шүү дээ..Хүнд тус болсон гэсэн үг гэж манай эмээ хэлсэн. Хүнд сайн тусалбал буян нь бүүр том болоод ирдэг гэж бас манай багш хэлсэн. Би “UB palace”-д анхны бие даасан “Сэтгэлэн Залбирлан” тоглолтоо хийгээд тоглолтын мөнгөө  Э.Маргад-Эрдэнэ гэдэг хүүхдэд  бүгдийг нь хандивласан. Гэрийнхэн нь, бас тоглолт үзсэн хүмүүс надад зөндөө их баяр хүргэсэн.

-Саяхан Соёлын тэргүүний ажилтан, яруу найрагч  Б.Болорцэрэнгийн үг, Соёлын тэргүүний ажилтан  Ц.Дашзэвэгийн ая “Аав минь байгаагүй бол..” дуугаа гаргасан байсан. Энэ дууг хүмүүс их дуулдаг мэддэг болсон байна лээ?
-Хүмүүс дандаа “Ээж  минь”, миний ээж гэж ярьдаг хэрнээ аавынхаа тухай арай бага ярьдаг юм шиг санагддаг. Аав   мундаг  байж хүү төрдөг байх. Тиймээс бүх аавууддаа зориулаад яруу найрагч Б.Болорцэрэн эгчид санаагаа хэлж байгаад шүлэг зохиолгосон юм. Б.Болорцэрэн эгч чинь ёстой мундаг хүн шүү дээ. Үг нь яг үнэн байдгийн.

“Аав минь байгаагүй бол би байхгүй

Аавууд байхгүй бол хэн ч байхгүй

Агаар нэг аавыгаа

Алсынх гэж боддоггүй ээ, би

Тэнгэр нэг аавыгаа

Тэртээх гэж санадаггүй ээ би…” гэж шүлэг уншаад л эхлэнгүүт хүмүүс зөндөө их алга ташдаг. Тэгэхээр яг хүмүүст хэрэгтэй үгийг онож хэлсэн байхгүй юу…Энэ дууг дуулахаар настай хүмүүс уйлж байгаа нь харагддаг. Тэгэхээр

“Ээждээ л илүү эрхэлдэг ч

Амьтай бүхэн аавтай даа

Итгээд явахад хаанаас ч ивээх

Элгэнд ойрхон уултай хүн дээ би…” гэдэг үг нь үнэн байгаа байхгүй юу…

-Үеийн найздаа зориулаад анхны бие даасан тоглолтын орлогоо бүрэн зориуллаа. Энэ чинь үнэхээр хосгүй их буян байна шүү дээ. Ангийн хүүхдүүд чинь их баяртай хүлээж авсан уу?

-Манай ангийн хүүхдүүд үү?  Гайгүй л дээ… Манай ангийнхан байна штээ… завсарлагаан болохоор тоглодог байхгүй юу…Тэгээл ноцолдож байгаад л гараараа ч юмуу хүрчихээр л намайг “зодсон” гээд л…

-Тоглож байхад уу?

-Харин тийн… Аав ээждээ намайг зодсон гэж худлаа хэлээд л..Тэгээд л аав ээж нь намайг “Яагаад хүүхэд зодсон?” гээд л.. уг нь би тэгдэггүй л дээ /доош харав/

-Багшдаа хэлсэн үү?

-Үгүй ээ хэлээгүй, муу хүмүүс хов зөөдөг гэсэн, тийм болохоор би хэлдэггүй юм өө. Нээрээ манай багш ёстой сайн багш. Би маш их сайн сурч байгаа. Нээрээ эмээдээ “нэг юм” хэлчих үү? …”-Хүү нь маш сайн сурч байгаа, жаахан муухай бичиж байгаа л даа…гэхдээ алдаагүй зөв бичиж байгаа”… гэж хэлэх гэсэн юм.

-Ёстой мундаг байна шүү…Энэ жил гадаад,  дотоодын олон газраар  явж тоглолтоо толилуулсныг Бяцхан дуучин Б. БатЭнэрэлийг дэмжигчдийн хуудас” гэсэн пэйжээр дамжуулсан мэдээллээс авч байлаа?

-Тэгсээн. Багштайгаа хамт Өвөрмонголын олон газраар тоглолт хийсэн, хүмүүс бид хоёрт их хайртай. Алга ташаад л байхаар багш дуулаад л байдаг. Тэгэхээр нь би бас дагаад л дуулдаг. Ер нь хүмүүсийн баяр хөөр нь алга ташихаас л мэдэгддэг юм штээ…Алга сайн ташиж байвал би сайн дуулж байна л гэсэн үг. Бас Солонгост очсон. Уг нь амралтаараа Европ явна гэж байсан ч амралтын өдөр богино байсан болохоор амжаагүй. Гэхдээ явна л гэчихсэн байгаа. Нээрээ бас Америк явсан юм байна. Намар Говь-Алтай аймагт болсон “Их говийн тэмээний баяр”-т явсан, саяхан Х.Оюунцэцэг эгчийн “Миний сэтгэлийн диваажин” тоглолтонд багштайгаа хамт Завханы театрт очиж тоглоод ирсэн.

-Анхны бие даасан цомгоо өлгийдөж авлаа. Юу бодогдох юм?

– Мэдээж сайхан байна шүү дээ..Багшийн, эмэгтэй багшийн, эмээгийн, ээжийн, бас миний хамгийн дуртай 17 дуу орсон. Дуугаа хийх гэж зөндөө уддаг мөртлөө CD болоод ирэхээрээ нээх хурдан дөнгөж сонсоод л дуусчихдаг. Их амархан дуу бүтчихсэн юм шиг….Гэхдээ л өөрийн дуугаа сонсох гоё байдаг юмаа…

-Манай Бат-Энэрэл шинэ эмчилгээ эхлүүлсэн гэж сонссон. Ямар эмчилгээ юм бол?

-Хотын зүүн тал руу нэг шинэ эмнэлэг нээгдсэн дээ. Нээх гоё том.

Япон улсын буцалтгүй тусламжаар байгуулагдсан АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлэг үү?

-Тийм,  тийм. Япончууд барьж өгсөн шинэ эмнэлэг, дотор нь орохоор аягүй том эмнэлэг. Тэнд би дааврын эмчилгээ хийлгэж байгаа. Хоёрдугаар анги мөртлөө би ангийнхаа хүүхдүүдээс хамаагүй намхан. Тэгээд энэ эмчилгээг гурван  жил тасралтгүйгээр хийлгэхээр “суга өснө” гэж эмч маань хэлсэн… Заа эгч минь дээ. Би одоо эмчилгээгээ  хийхгүй бол болохгүй нь…

-Тэгэлгүй яах вэ.  Тэгвэл гурван жилийн дараа бүүр өндөр залуу болох нь ээ. Шинэ жилээр олон хүмүүсийг баярлуулаад завгүй байна уу?

– Багш бид хоёр “Шинэ жилдээ” гээд дуу дуулсан юм. Хүмүүс бас энэ дуунд дуртай. Байнга л “нөгөө дуугаа дуулаач” гэдгийн…Энэ дуун дээрээ бүжиглэнэ шүү дээ…Баяруудаар телевизийн нэвтрүүлэгт бас их орноо…Яг бичлэгтэй үед нь хэцүү мөртлөө дараа нь гэртээ үзэхээр аягүй гоё байдгийн…

-Цаг заваа гарган ярилцсанд маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье…

-Танд ч гэсэн амжилт хүсье!

Бяцхан биенээс гарамгүй их ухааныг тээж явдаг Б.Бат-Энэрэл хүүтэй ёстой л “цөөн хором” ярилцсанаа уншигч танаа хүргэлээ. Энэ л биедээ баймгүй их ухаан, авьяас билгийг бурхан түүнд хайрласан мэт. Монгол Улсын гавьяат, Завханы  С.Батсүх хэмээх эрхэмтэй эртний сайхан ерөөлтэй хүмүүс шиг учран золгож, энгэрээс нь, өврөөс нь салахгүй эрхэлдэг, ёстой л “энгэрийн зүүлт” шиг нь байдаг тэднийг хэн хэнээс нь салгаж ойлгоход бэрх мэт.  Бүх монгол туургатан төдийгүй, хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монголчууд хүртэл түүний дууг сонсож дэргэд нь,  хажууд нь байж бүтээл бүрийг нь шимтэн үзэж хамт дуулахыг хүсэмжлэн урилга юугаа илгээх болсоор олон жилийг үдэж,  угтаж байна. Мэргэжлийн дуучдад багш нар нь “дотортой мэдрэмжтэй” дуулдаг бай гэж сургадаг. Тэгвэл яг л тэр дотоод мэдрэмж, сэтгэлийн дотоод гүнээс дуугаа тэр бясалган дуулдаг. Тиймдээ ч үг бүр нь, аялгуу бүр нь тэгтлээ хүн бүрийн сэтгэлийн утсыг хөнддөг биз ээ…. Монгол Улсын гавьяат, Завханы   С.Батсүх өөрийн эргэн тойронд хэнд түшиг тулгуур хэрэгтэй байна, яг л тэнд байж харагддаг. Их өгөөмөр тусч хөдөлмөрч уран бүтээлч юм гэдэг нь илт  харагддаг. Тэрээр бяцхан шавийнхаа “Сэтгэлэн залбирлан” тоглолтын зохиолыг өөрөө бичиж, бусдад сэтгэлийн өглөг өгөхийг ч түүнд уриалжээ. Сүүлд Завхан аймгийн ХДТ-т хамт нэгэн тайзан дээр дуулж явсан МУГЖ Х.Оюунцэцэгийн “Миний сэтгэлийн диваажин” тоглолтыг санаачлан уран бүтээлийн багийг бүрдүүлэн төрсөн нутагтаа очиж тоглолтыг нь зохион байгуулаад ирсэн гээд түүний сэтгэл зүрхээ зориулан хийсэн бүхнийг тоочоод байвал баршгүй… Гавьяатын санаачилсан “Очирваань уул” холбооноос олон сайхан залуучууд уран бүтээлийн гараагаа эхэлж эдүгээ Монголын урлагийн тэнгэрт “ОД СОР” нь болон гялалзаж яваа. “Сайны хажуугаар саар”  гэгчээр багш шавь хоёрын дундуур сөрөг утас гүйлгэхийг хүссэн нэгэн байх боловч тэд түүнийг тасар татан хаяна. Сэтгэлийн их далай шавхагдашгүй гүн тул нэр нь хүртэл цаанаасаа л холбоотой байх ёстой юм шиг зохицсон багш шавь хоёрын гинжин хэлхээс үл тасарна. Сайн сайхан санаж явбал нутгийн уул усан ч ивээж явдгийн нэгээхэн жишээ энэ ажгуу…Амьдрал мөрөн үл тасран хөвөрч, хүмүүний түүхийг зузаалсаар…

Ч.Нaрaнсоёл

Эх сурвалж: Polit.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.213.76)