Үлэг гүрвэлийн олдвор худалдахыг завджээ
Сүүлийн үед гарсан зарим ноцтой гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү, "Үлэг гүрвэлийн чулуужсан яс зарна" гэх мэдээллийг шалган, 80 сая жилийн настай үлэг гүрвэлийн олдвор худалдах гэж байсныг илрүүлсэн. Нийслэлийн харъяат иргэн Г, Өмнөговь аймгийн иргэн М нар дээрх хэргийг үйлджээ. Түүхийн үнэт олдворыг худалдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдгийг иргэд анхаарах хэрэгтэй.
Мөн нийслэлд өнгөрсөн амралтын өдөр осгож нас барсан хүний цогцос олдсон. Тодруулбал, Цагдаагийн байгууллагын дуудлага хүлээн авах "102" утсанд энэ сарын 06-ны 23 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг, Гандангийн 14 дүгээр гудамжинд хүн ухаангүй хэвтэж байна гэх дуудлага иржээ. Тус дүүргийн цагдаагийн алба хаагчид тухайн газар очиход, Төв аймгийн иргэн А осгож нас барсан байдалтай олджээ. Цагдаа нар хэргийн газар үзлэг хийж, цогцсыг шинжилгээнд оруулахад гаднын нөлөөтэй нас барсныг нь тогтоосон. НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дээрх иргэний амь насыг хохироосон этгээдийг 24 цагийн дотор илрүүлж, дайчлан баривчиллаа. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 28 настай Е гэгч үйлдсэн бөгөөд хохирогчийг боож унагаан, гар утсыг нь авч зугтаасныг тогтоосон” гэлээ.Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулав.
- Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ агсны ар гэрийнхэн өчигдөр хэргийн нотлох баримтууд өөрчлөгдсөн гэж мэдээлсэн?
- Цагдаагийн байгууллага хэргийн газарт анх үзлэг хийснээс хойш нотлох баримтад ямар нэгэн өөрчилсөн, алдагдсан зүйл байхгүйг албан ёсоор мэдэгдье. Прокурорын байгууллагын хяналтанд, хуулийн дагуу ажиллаж байна. Талийгаачийн хувцас,хэрэглэл, эд зүйл солигдсон, алга болсон зүйл байхгүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цагдаагийн байгууллагаас өөр хувь хүн, ТББ мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй. Хэрэгт хөндлөнгөөс оролцож олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг хүсэж байна.
Мөн хэргийн талаар нотлох баримттай бол Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандахыг зөвлөж байна. Талийгаачийн ар гэрээс тавьсан санал хүсэлтийн дагуу нэмэлт шинжилгээ хийж байгаа бөгөөд тодорхой хугацааны дараа дүгнэлт гарна. Үүний дараа прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө.