Бэрхийн уурхайг музей болгох ажил эхэллээ
Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн хаалтын үйл ажиллагаатай холбогдуулан тус уурхайг музейн зориулалтаар ашиглах талаар судалгаа хийж Бэрхийн уурхайн "Уулын цех”-ийн хэсгийг түшиглэн далд уурхайн музей, сургалт, судалгааны төв байгуулан ажиллуулах боломжтой талаар дүгнэлтийг салбарын яамны ажлын хэсэг гаргажээ.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны "Ажлын хэсэг байгуулах тухай” А/220 дугаар тушаалаар тус төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн даалгавар боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсэг байгуулагдан төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон холбогдох тооцоо судалгааны ажил гүйцэтгэх үүрэг бүхий төслийн нэгжийг байгуулах талаар дүгнэлт гаргаж тус төслийн нэгжийг 2019 оны долоодугаар сард Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэд байгуулан төслийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд газрын гадаргын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, төслийг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөгөө, байгаль орчны төлөв байдлын судалгаа, далд уурхайн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан 2019.12.26-ны өдөр "Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв төслийн Удирдах хороо”-нд танилцуулан, 2020 оны I улиралд багтаан тус ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхийг тус хорооны хуралдаанаар дэмжлээ.
Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэсэн анхны бүтээн байгуулалтыг бий болгох, Бэрх хотыг "Чингис хааны түүхэн аялал жуулчлалын бүс” төсөлтэй холбогдох аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед өвлүүлэх, сурталчлах, уул уурхайн мэргэжлийн оюутан, судлаачдад сургалт судалгааны бааз болох зэрэг ач холбогдолтой төдийгүй 2022 онд тэмдэглэн өнгөрүүлэх Монголын уул уурхайн салбарын 100 жилийн ойг угтсан томоохон бүтээн байгуулалтын нэг болох юм.