Б.Баттулга: Социалист нийгмийн бодит байдлыг өнөөгийн залууст хүргэхийг зорьсон
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан бүтээсэн "Социалист туршилтад 70 жил" номын нээлт өнөөдөр "Интерном" номын дэлгүүрт боллоо. Тус номын зохиогчоор Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн, профессор Я.Дүгэр, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б.Баттулга нар ажиллажээ. Энэхүү номонд Социалист он жилүүдэд Монголын ард түмэн ямар нийгэмд аж төрж, эрх, эрх чөлөө нь хэрхэн хязгаарлагдмал байсан тухай бодит үнэнийг өгүүлсэн байна. Энэ тухай номын зохиогч Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн, профессор Я.Дүгэр "1990-ээд оноос хойш төрж, өссөн орчин цагийн зарим залуус социализмыг магтаж, санагалзсан өнгө аястай зүйлс ярих болсон. Нөгөөтэйгүүр залуусыг төөрөлдүүлэх оролдлого өнөөдөр ч байна. Гэтэл үнэн чанартаа бол социалист нийгэм хүний эрх, эрх чөлөөг хааж, боогдуулсан маш аймшигтай он жилүүд байсан юм. Хатуухан хэлэхэд "дээвэргүй шорон" байжээ. Хувьдаа өмчтэй байх, шашин шүтэх, чөлөөтэй зорчих, сурч боловсрох эрх нь хаалттай байсныг өнөөгийн залуус мэдэхгүй. Тиймээс ч өнөөгийн залууст үнэн бодит ойлголт өгөхийн тулд энэхүү номыг эмхэтгэхэд гар бие оролцсон. Аливаа зүйл үнэн байх нь чухал. Залуус та нар маш их азтай. Тиймээс ч баярлаж, бахархахын зэрэгцээ хариуцлагатай байх цаг иржээ. Ардчиллын үйл хэргийг зөв зүгт залж, өөрт олдсон энэ эрх, эрх чөлөөгөө эрхэмлэж явах нь чухаг" гэлээ.
Харин Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б.Баттулга "Бидний үеийн залуус социалист нийгмийн үед Монгол орон ямар замналаар замнаж байсныг төдийлөн сайн мэдэхгүй. Тиймээс ч багштайгаа хамтраад өнгөрсөн 70 жилийн турш Монгол Улс ер нь хөгжлийн аль замаар алхсан юм бэ гэдгийг үнэн бодитоор илэрхийлэхийн тулд тухайн үеийн ярилцлага, нийтлэл, ном, товхимолуудыг эмхэтгэсэн. Бодит үнэнийг залуус, дүү нартаа хүргэх нь бидний зорилго. Номын редактороор доктор Ш.Сүхбаатар гуай ажилласан. Тухайн үеийн нийгэм болоод иргэдийн ахуй амьдралд ямар асуудлууд тулгамдаж, ямар бэрхшээл, сорилтуудтай тулгарч байсныг энэхүү номонд өгүүлсэн. Залуус, дүү нар маань энэхүү номыг уншсанаар асар их үнэ цэнээр бидэнд олдсон эрх, эрх чөлөөгөө, ардчиллаа хайрлан, хамгаалах сэтгэгдэл төрнө гэдэгт итгэлтэй байна" гэв.