Оюуны тамирчид дэлхийн цомын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгуулав
БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan" дэлхийн цомын тэмцээн энэ сарын 10-12-нд болж дүнгээ танилцууллаа. Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт оролцсоноос Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь тус тус хүртэн тэргүүн байр эзэллээ.
Тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус /бусад тэмцээнтэй адил биш/ 6 төрлөөр өрсөлдсөн юм. Тэмцээний үеэр "Хурдны хөзөр" төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй санаснаар Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилт тогтоожээ.
Тэмцээний төгсгөлд шилдэг 12 тамирчин гурван багт хуваагдаж телевизийн том шоу нэвтрүүлэгт орж тархины гайхамшгийг харуулж өрсөлдсөн бөгөөд BBC, CCTV зэрэг телевиз сурвалжилсан байна.
Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид 2008 оноос хойш өнөөг хүртэл олон улсын 49 дэх тэмцээндээ амжилттай оролцон 789 медаль хүртэн дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож шагналын буухиагаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Дашрамд дурдахад, Рубик шооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр Монголын Оюун ухааны академийн багш Э.Эрдэнэмандах Тайванийг, Оросын Россия 1 телевизийн "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оролцохоор Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар ихэр шавь Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын хамт ОХУ-ыг зорьж буй юм.