Х.Баделхан: ШӨХТГ-т ирсэн нийт маргааны 30-40 хувь нь СӨХ-тэй холбоотой маргаан байна

Х.Баделхан: ШӨХТГ-т ирсэн нийт маргааны 30-40 хувь нь СӨХ-тэй холбоотой маргаан байна

УИХ-аар Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд СӨХ тойрсон маргаан их гарч байгааг хэлж байлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирсэн нийт маргааны 30-40 хувь нь СӨХ-тэй холбоотой маргаан байдаг юм байна. Улсын хэмжээнд 1026 үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ дундаас хангалттай санй ажиллаж байгаа нь 20 хүрэхгүй хувийг эзэлж байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраа манай яаманд СӨХ-ны тухай хуулиа өөрчлөөч гэсэн албан бичиг олон удаа ирсэн. Бид жилийн хугацаанд судалгаа хийж Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээ боловсруулсан" гэлээ.

Мөн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Одоо хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд СӨХ-д тавих хяналтыг нэлээд чангаруулсан байгаа. Одоо бол СӨХ-нууд бараг хяналтгүй ажиллаж байгаа. СӨХ-ны дээд зөвлөл, орон нутгийн захиргаанаас тавьж байгаа хяналтыг эс тооцвол дотоод үйл ажиллагааг нь хянахгүй байгаа. Хуульд өөрчлөлт орсноор СӨХ-той таван жилээр гэрээ байгуулж ажилладаг болно. Мөн гэрээг орон нутгийн захиргаа жил болгон дүгнэнэ. Гэрээний хавсралтад нь жил болгон хийх засвар үйлчилгээний ажлууд багтах ёстой. Оршин суугчид гомдлоо орон нутгийн захиргаанд гаргаж шийдвэрлүүлэх боломжийг олон талаар хуульд суулгаж байгаа. СӨХ бүр Орон сууцны засвар арчлалтын сантай байна. Энэ сангийн хөрөнгө нь оршин суугчдын нийлсэн хөрөнгө байх бөгөөд өөр зүйл зарцуулахыг хориглоно. Зарцуулалтыг нь жил бүр тайлангаараа хамгаалах ёстой" гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.82.182)