Машин ачигч компанийн буруугаас болж хохирсон иргэд Авто замын хөгжлийн газарт хандах боломжтой
Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад өнөөдөр хяналт шалгалт хийжээ. Тэрээр "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд чанга яригчаар ярихгүйгээр машин авч явдаг. Машиныг бэхэлгээгүйгээр авч яваад булан тойроод бэхэлгээ хийдэг зэрэг гомдлууд их ирж байна. Тиймээс энэ тал дээр хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд заавал гурван удаа чанга яригчаар зарлах ёстой. Энэ асуудалд НАЗХГ, НМХГ энэ асуудалд мөн анхаарах хэрэгтэй. Заримдаа бүр автомашины эзэн гараад ирээд байхад нь ачаад явдаг тохиолдлууд их гарч байна. Энэ мэтчлэн асуудлыг цаашид гаргаж болохгүй гэдгээ анхаар. Эмнэлэг дээр хүн өвчин зовлонтой болохоор ирдэг. Тэрнээс биш зүгээр нэг ирэхгүй. Тиймээс автомашин ачихдаа дүрэм журмынхаа дагуу ажиллах хэрэгтэй.
Машин ачих бол иргэний дугаар руу мессеж явуулна. Иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд чанга яригчаар гурван удаа зарлан мэдээлнэ. Эзэмшигч гарч ирээгүй тохиолдолд бэхэлгээг хийн ачих үйл явцыг эхлүүлнэ. Харин ачих үйл явц эхэлсний дараа буюу ачилтын автомашины хөдөлгөөн эхэлсний дараа дугаар руу 30 секундын дотор зурвас илгээнэ. Мөн торгууль төлөөд автомашинаа авч буй иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэлсэн" гэв.
Мөн иргэд ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хохирол амссан бол нийслэлийн Авто замын хөгжлийн газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой гэдгийг албаны хүмүүс онцоллоо.