"Тоёота Приус"-ийг автомат жолоодлоготой болгосноо туршиж үзүүллээ
Хэрэглээний цахилгаан бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн буюу “CES 2020”-ийн үеэр ОХУ-ын технологийн “Yandex” компани “Toyota Prius”-ийг тоноглож, автомат жолоодлоготой болгосноо туршиж үзүүллээ.
Нийт 20 минутын туршилтын жолоодлогоор автомашин хэд хэдэн удаа эгнээ байраа сольж, хүний оролцоогүйгээр түгжрэлтэй замд жолоодсон нь оролцогчдын анхаарлыг татжээ. ОХУ-ын “Google" гэгддэг “Yandex” орлогынхоо дийлэнх хувийг хайлтын системээс олдог, тус улсын зах зээлийн 60 хувийг дангаараа эзэлдэг аж. 2016 оноос автомат жолоодлогын зах зээлд нэвтэрчээ.
Тус компани 2017 оны 12 дугаар сард автомат жолоодлогын систем суурилуулсан автомашин туршсан байна. Тоноглосон автомашинууд нь автомат жолоодлогын горимд 2.4 сая км зам туулаад байгаа ажээ. Энэ үзүүлэлтээрээ 10 сая км зам туулсан “Google”-ийн “Waymo”-ийн ард бичигдэж байна.