Ховордсон ургамлын 59.3 хувь нь хүний нөлөөнөөс үүдэлтэй
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулав. Тэрбээр одоогоор Монгол орны ургамлын аймагт 108 овгийн 684 төрлийн 3160 зүйл гуурст дээд ургамал бүртгэгдсэнээс унаган ургамал 153, завсрын унаган 458, нэн ховор 133, ховор 356 зүйл, ургамал 70 зүйл ургамал байгааг танилцууллаа.
3160 зүйл гуурст дээд ургамалд тодорхой шалгуураар үнэлгээ хийхэд 1472 зүйл ургамал буюу нийт ургамлын 46 хувийг зайлшгүй хамгаалалтад авах шаардлага үүссэн байна. Мөн Монгол орны бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь доройтсон нь ургамлын үрийн нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлж, ургамлын бүрэлдэхүүний бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулж байгаа аж. Байгалийн ургамлын ховордлын шалтгааны 59.3 хувь нь хүний нөлөөгөөр, 38.6 хувь нь нөөцийн хэт ашиглалтаас, 47.3 хувь нь байгалийн гамшгаас үүдэлтэй байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов.
Хуулийн төсөлд нөөц багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх зэрэг зохицуулалтыг тусгажээ. Мөн нэн ховор, ховор ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй тарих ажлыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага гүйцэтгэхээр хуулийн төсөлд тусгажээ. Улмаар нэн ховор, ховор, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, зориулалтаар түүж бэлтгэх хэмжээг тодорхой болгож, байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалт, ашиглах, хэрэглэх, улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг бусад хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг шинээр оруулсан байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байгалийн ургамал устах, доройтлын гол шалтгаан болсон хүний хүчин зүйл, нөлөөллийг бууруулахын тулд хууль гаргаад өнгөрөх бус салбарын яам, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, иргэд малчдыг соён гэгээрүүлж, тэднийг үүрэгжүүлж, мэдээллээр хангах шаардлагатайг хэлж байлаа.
Ингээд санал хураалт явуулахад хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ