Хацү башёд монголчууд шуугиулах уу?

Хацү башёд монголчууд шуугиулах уу?

Японы мэргэжлийн сүмогийн хацү башё энэ сарын 12-нд эхэлнэ. 2020 оны эхний башё монголчуудын хувьд тун сонирхолтой болох магадлалтай. Учир нь мэргэжлийн сүмод барилдаж буй монгол бөхчүүд бүгд дээд гурван зиндаанд барилдах гэж байгаагаараа онцлог. Тодруулбал, Ёошояама Б.Анхбаяр ганцаар санданмэ зиндаанд хүч үзэх бол бусад монголчууд макүүшита, жюүрёо, макүүчий зиндаанд барилдана. Макүүшитад Сэйро А.Өнөболд,  Кёкүсотэн Э.Энхманлай, Кагамио Б.Нанжид, Саданохикари Д.Наранцогт нар эрэмбэлэгдсэн бол сэкитори цол хүртдэг дээд хоёр зиндаанд хамгийн олон монгол сүмоч барилдах гэж байгаа юм. Тодруулбал, жюүрёогийн баруун жигүүрийг Чиёошома Г.Мөнхсайхан тэргүүлж, тус зиндаанд Миторюү Б.Төрболд, Дайшохо Ч.Шижирбаяр, Ичиножёо А.Ичинноров, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Хоошорюү С.Бямбасүрэн, Сакигакэ Я.Баттүшиг нарын найман бөх барилдана. Эдгээр сүмочдын дотроос дээд зиндаанд түрүүлэн Японы эзэн хааны цомыг гардаж байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, өндөр цолонд хүрч ирээдүйн их аварга болно гэдэг таамагт багтаж явсан Ичиножёо А.Ичинноров нарт сүмо сонирхогчид илүү найдвар тавьж байна.

Бэртэл гэмтэл нь эдгэрч, бэлтгэл сургуулилалт нь ханасан бол энэ хоёр сүмоч хацү башёд сайн барилдаж дээд зиндаанд ороод ирэх боломжтой. Жюүрёогийн бусад монгол сүмочид ч ялгаагүй. Чиёошима Г.Мөнхсайхан 50 хувийн амжилтаа үзүүлчихэд л дээд  зиндаанд эргэн орно. Миторюү Б.Төрболд, Дайшохо Ч.Шижирбаяр нар ч мөн адил 50-иас дээш хувийн амжилттай барилдахад дээд зиндаанд дэвших боломжтой. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын кюүшюү башёд анх жюүрёод дэвшсэн Хоошорюү С.Бямбасүрэн сүмо сонирхогчдын анхаарлын төвд буй.

Учир нь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн төрсөн ах Д.Сугаррагчаагийн хүү С.Бямбасүрэн удам дамжсан бөхийн хувьд илүү амжилт үзүүлнэ гэсэн хүлээлт буй юм. Тэрээр өмнөх башёд төдийлөн сайн барилдаагүй нь анх сэкитори болоод туршлага дутсаных байж мэднэ. Тийм бол энэ сард цочоо нь гарч, туршлага суун илүү сайн барилдах магадлалтай.   

Дээд зиндаанд Монголын таван сүмоч буй. Мэдээж их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг, их аварга Какүрюү М.Ананд баруун жигүүрийг тэргүүлнэ. Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зүүний гурваас босч барилдана. Эзэн хааны цомыг нэгэнтээ атгаад үзчихсэн Тамавашигийн хувьд энэ сард сайн барилдаж саняакү буюу өндөр цолоо эргүүлэн авах зорилго мэдээж буй бизээ. Энэ сард жюүрёогоос дэвшин дээд зиндаанд барилдахаар болсон Азүмарү С.Тодбилэг, Кирибаяма Б.Лхагвасүрэн нар өмнөх башёд жигд сайн барилдсан. Ур чадвар, туршлага нь эрс сайжирч, барилдаан нь жигдэрч буй эдгээр бөхчүүд хацү башёд цахиур хагалан шуугиулж ч мэднэ. Ялангуяа Кирибаяма Б.Лхагвасүрэн яг жилийн өмнө буюу 2019 оны хацү башёгийн дараа жюүрёод дэвшин сэкитори болсон бөгөөд өнгөрсөн жилийн таван башёд амжилттай сайн барилдсанаар ийнхүү дээд зиндаанд дэвшин барилдахаар болоод буй юм. 

Хацү башёд монголчууд шуугиулах уу?

Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард дээд зиндаанд дэвшсэн талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ “Их баяртай байна. Мэргэжлийн сүмод орсон нэг зорилгоо биелүүлж чадлаа. Монголд байгаа гэрийнхэн маань миний барилдааныг үзэж чадах боллоо. Өнгөрсөн есдүгээр сард ёкозүна Какүрюү манай дэвжээнд шилжиж ирсэн нь их нөлөө үзүүлсэн. Аваргаас их юм сурч байна. Би хоолондоо сайн биш. Харин аваргын зөвлөгөөгөөр жингээ нэмж, 140 кг болсон. Аварга хажууд суугаад хоол идэж дуустал хараад сууж байдаг. Жин нэмсний ачаар өнгөрсөн тэмцээнд 11 ялж чадлаа” гэж ярьсан байна. Түүний багш Мичинокү ояаката “Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард манай дэвжээ ганц ч цолтой бөхгүй байлаа. Харин одоо нэг аварга, нэг маэгаширатай шинэ жилээ угтаж байна. Ёкозүнатай хамт бэлтгэл хийж байгаа бөх улам сайн барилддаг ёстой” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Кирибаяма Б.Лхагвасүрэн энэ сарын тэмцээнээс эхлэн их аварга Какүрюүгийн дохёнд гарах ёслолд оролцох юм билээ. Нутаг нэгт их аварга Харүмафи, Хакүхо нарын барилдааныг шимтэн үзэж, тэднийг биширч, даган дууриадаг гэдгээ нуудаггүй Кирибаяма Б.Лхагвасүрэн ийнхүү энэ цагийн сүмогийн манлайн нэг нутаг нэгт их аваргатайгаа нэг дэвжээнд бэлтгэл хийн чамбайрч, дээд зиндаанд хүч үзэх гэж байна. Японы сүмогийн холбоо башёгийн өмнө уламжлал ёсоор гурван бөхийг сонгож ярилцлага авдаг. Энэ сарын башёгийн өмнөх ярилцлагадаа Кирибаяма Б.Лхагвасүрэнг сонгосон нь ч япончууд шинэ сэкиториг дээд зиндаанд сайн барилдах болов уу гэж хүлээж буйн илрэл биз. Кирибаяма ч ярилцлагадаа “Одоо би качи-коши руу хүрэхийн тулд чадах бүхнээ хийх болно” хэмээсэн байна лээ. Түүний хэлсэндээ хүрэх эсэхийг удахгүй харах болно.

Хацү башёд монголчууд шуугиулах уу?

Хоошорюү С.Бямбасүрэн

Хацү башёд монголчууд шуугиулах уу?

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

Хацү башёд монголчууд шуугиулах уу?

Ичиножёо А.Ичинноров

Хацү башёд монголчууд шуугиулах уу?

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.93.227)