ЕБС-ийн нийгмийн ажилтнуудыг сэтгэлзүйч болгоё

Австралийн Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллага болох “CSIRO”-ын судлаачид сэтгэцийн эмгэгийг оношлох боломжтой компьютерийн тоглоом бүтээсэн байна. Энэ тоглоом хэрэглэгчдийн хийсэн сонголтуудад үндэслэн зан чанарыг нь тодорхойлдог аж. Үүний дараа өнөөх мэдээллийг нь хиймэл мэдрэлийн сүлжээгээр шинжилж, эрүүл болон сэтгэцийн эмгэг, сэтгэл гутралд орсон хүмүүсийг нарийвчлан оношилж, ангилдаг болжээ. Мөн ОХУ 2013 оноос хойш өсвөр насныхныг хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэхээс урьдчилан  сэргийлэх зорилгоор тусгай мэргэжилтэн  ажиллуулж байна.
Энэ мэргэжилтнүүд нь хүүхдүүдийг архи тамхи хэрэглэж буй эсэхийг  хянах, хэрэглээд  донтсон  хүүхдүүд, тэдний эцэг  эхтэй нь ярилцаж хор хөнөөлийг нь ойлгуулах,  сургуулийн орчинд энэ төрлийн  худалдааг  таслан зогсоох үүрэгтэй ажилладаг аж. Гэтэл манайд жил ирэх тусам  өсвөр үе, идэр залуу насныхан стресс, бухимдалд өртөж хар тамхи, гэмт хэрэгт өсвөр насныхан холбогдсоор байна. СЭМҮТ-д хандах хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байгаа нь монголчууд бидэнд сэтгэлзүйн боловсрол  ямар их хэрэгтэйг харуулж буй юм.

Амиа хорлолт залуужсаар байна

Өмнө нь бид энэ асуудлыг  “Монголд гээгдсэн боловсрол: СЭТГЭЛЗҮЙ” гэсэн нийтлэлээрээ хөндөж байсан. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт нийгэмд газар авахын хэрээр хүүхэд, өсвөр насныхан сэтгэлзүйн хямралд орох, үүнээс болоод гэмт хэргийн хохирогч болох, амиа хорлох үзэгдэл газар авсаар байгааг хүүхдийн эрхийн байгууллагууд, мэргэжлийн сэтгэлзүйчид онцгойлон анхааруулсаар байгааг дурьдсан.  Мөн  хүүхэд багачуудын хоёр дахь гэр гэгддэг сургуулийн орчинд зөвхөн мэдлэг олгох сургалтаар хүүхдийг хэт бөмбөгдөөд, сэтгэлзүйн асуудлыг  орхигдуулснаас хүүхдийн сэтгэл хямрал, сэтгэл гутрал, зан араншингийн өөрчлөлт хүндэрч, амиа хорлох хүртлээ хурцдаж байна. Хамгийн аюултай нь 10-25 насны хүүхэд, залуусын дунд амиа хорлох үзэгдэл жилээс жилд өсч байгаа нь нийгэмд аюулын харанга дэлдэж байна. Тиймээс бид улсын хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж буй хот, хөдөөгийн ЕБС-иудыг хэрхэн мэргэжлийн сэтгэлзүйчтэй болгох вэ гэсэн гарц, гаргалгааг хайсан юм.

Нийгмийн ажилтан судлан оношлогч, кэйс менежер байх ёстой

Нийгмийн ажилтан гэсэн нэр томьёог бид сонсоод удаж буй. Харин хороо, дүүрэгт болон ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй нийгмийн ажилтан эрх үүргийн хувьд яг ямар ажил гүйцэтгэдэг, адил төстэй болон ялгаатай талуудыг нь тэр бүр мэддэггүй. Тэгвэл хорооны нийгмийн ажилтан нь Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу тухайн сум, хорооны өрх, иргэний тоо судалгааг гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэний нөхцөл байдалд үнэлгээ хийж, асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг хийдэг.

Харин ЕБС-д ажилладаг нийгмийн ажилтны ажил, мэргэжлийн онцлог, гүйцэтгэх үүргийн хувьд сэтгэлзүйчтэй ижил. Тиймээс ЕБС-ийн нийгмийн ажилтнуудыг сэтгэлзүйчээр давхар мэргэшүүлж, ажиллуулах нь зардал болоод цаг хугацаа хэмнэх, богино хугацаанд үр дүнгээ өгөх бас нэгэн шийдэл байж болох юм.

Гэмт хэрэгт холбогдож буй хүүхдийн тоо буурахгүй байна

Монгол Улсын хүн амын 40 гаруй хувийг 18 нас хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд гэмт хэрэг үйлдэж буй насанд хүрээгүй бяцхан гэмт хэрэгтнүүдийн тоо өсч, хүүхэд гэмт хэргийн золиос болох нь элбэг байна. Өсвөр насныханд сургуулийн орчинд тулгамдаад байгаа асуудал гэвэл хэл амаар доромжлох, нэр хоч өгөх, шоглох, ялгаварлах үзэгдэл маш хүнд тусдаг аж. Мөн амьдрал нь  нэн ядуу, эцэг эх нь байнга архи уудаг, хүчирхийлэл үйлддэг гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд бие махбод болон сэтгэл санаагаар хохирч байна. Түүнчлэн эцэг эх нь гадны улс оронд ажиллаж буй хүүхдүүд ч сэтгэлзүйн асуудалтай болдог аж. Дээрх шалтгаануудаас үүдэн хүүхдүүд сургууль завсардах, хүчирхийлэл, шийтгэлийн улмаас бэртэж гэмтэх, сэтгэл санаагаар унах, гэмт хэрэгт холбогдох зэргээр хохирч байна.

Х.Оюунтуяа: Барууны орнуудад хүүхэд төрөөд л хувийн сэтгэлзүйчтэй болдог

Өсвөр үеийнхний үйлдэж буй гэмт хэргийн талаар Хууль сахиулахын их сургуулийн удирдлагын академийн дэд профессор, доктор Ю.Бадамханд “2013-2017 онд нийт 5150 гэмт хэргийг насанд хүрээгүй хүмүүс үйлдсэн. Энэ нь сүүлийн таван жилийн судалгаагаар ялимгүй буюу 3.7 хувиар буурсан үзүүлэлт боловч зарим онуудад өссөн үзүүлэлт ажиглагдсан. Харин хүүхдийн эсрэг буюу хүүхэд хохирсон гэмт хэрэг өссөн. Ер нь насанд хүрээгүй хүмүүсийн үйлдэж буй гэмт хэрэгт буурах хандлага ажиглагдаагүй. Үүнээс бэлгийн эрх чөлөөний буюу хүчингийн гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд хамгийн их буюу өсөх магадлалтай байна” гэсэн юм.

Мөн сэтгэл заслын эмчилгээ нийгэмд, хүүхдэд  яагаад хэрэгтэй талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэлзүйч Х.Оюунтуяа “Нийслэлд өсвөр насныхантай холбоотой гэмт хэрэг, зөрчил гаралтын тоо нэмэгдсээр байна. Гэр бүлийн хөгжлийн төвүүдэд зорилтот бүлгүүдэд чиглэсэн анхан шатны зөвлөгөө, оношилгоог үнэ төлбөргүй өгдөг ч иргэдийн идэвх оролцоо муу байдаг. Олон улсын жишгээр 20-25 мянган хүн тутамд нэг сэтгэл зүйч байх шаардлагатай гэж үздэг.

Барууны орнуудад л гэхэд хүүхэд төрөөд л хувийн өмгөөлөгч, хуульч, сэтгэлзүйч, эмчтэй болдог. Хүчирхийлэл бүрийн цаана сэтгэл санааны асуудал сөхөгдөж байдаг болохоор сэтгэлзүйчийн эрэлт хэрэгцээ их байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд бие махбодийн зодуур амслаа гэхэд тухайн хүүхдийн сэтгэл санааны хохирлыг хэмждэггүй. Сэтгэл санааны дарамт, цочролоо эмчлүүлэхгүй удвал тухайн хүүхэд насан туршдаа сэтгэл санааны дарамт, айдастай явна гэсэн үг. Хүчирхийлэлд өссөн хүүхэд эргээд хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг” гэсэн юм.

Энэ бүхнээс харахад бид боловсролын салбарт ажиллаж буй нийгмийн ажилтнуудыг сэтгэлзүйч хэлбэрээр давхар бэлтгэж  ажиллуулах зайлшгүй шаардлага байна. Гэр оронд, сургууль дээр, найз нөхдийн дунд үйлдэгдэж буй дарамт хүчирхийлэл асуудлыг хамгийн ойр ажиллах нийгмийн ажилтан олж мэдэж, урьдчилан сэргийлж, шаардлагатай сэтгэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлж чадвал хүүхэд хохирхохоос сэргийлж чадна. Тиймээс бүх ЕБС-ийн нийгмийн ажилчдыг сэтгэлзүйч болгоё.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.145.17)