2020-2021 оны хичээлийн жилд зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрүүд
Б.Туул
Их, дээд сургуульд суралцаж буй залууст болон ахлах ангийн сурагчдад дэлхийн хэмжээний боловсрол эзэмших хамгийн том боломж нь тэтгэлэг байдаг. Тиймээс энэ удаа бид гадаадад суралцах хүсэлтэй залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор 2020-2021 оны хичээлийн жилд зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрөөс түүвэрлэн цувралаар хүргэж байна.
Оксфорын их сургуульд үнэ төлбөргүй сурах боломжтой
Оюутан залуусын сайн мэдэх тэтгэлэгт хөтөлбөрүүдийн нэг бол Английн Оксфордын их сургуульд суралцуулах “Rhodes Global scholarships” тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү “Rhodes” тэтгэлгийн санг 1902 онд Английн бизнесмен Cecil John Rhodes санаачлан энх тайван, сайн сайхныг бусдад түгээх шилдэг оюутнуудыг Оксфордын их сургуульд суралцуулах үндсэн зорилгын хүрээнд үүсгэн байгуулсан байна. Тус сан нь Оксфордын их сургууль дахь хамгийн анхны тэтгэлгүүдийн нэг бөгөөд дэлхийн шилдэг их сургуульд үнэ төлбөргүй, сар бүрийн стипенттэй суралцах боломжийг олгодог. Энэхүү тэтлэглэгт хамрагдсанаар Oксфордын их сургуульд магистрын хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүй суралцах боломжтой. Энэ тэтгэлгийг материалыг жил бүр зургаа, долдугаар сард хүлээж авдаг. Хөтөлбөрөөс хамаарч суралцах хугацаа 1-2 жил байна. Мэдээж, суралцагчдын нас 19-25 байх, бакалаврын зэргээ доод тал нь 3.7-4 хүртэлх голчтой хамгаалсан байх, англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой байх гэсэн шалгуурыг хангасан байх ёстой.
Украйнд инженерийн чиглэлээр суралцаарай
Хоёр улсын Засгийн газрын шийдвэрээр Украйн улсад энэ жилд тэтгэлгээр суралцах боломжуудыг БСШУСЯ-наас зарласан байна. Энэ удаа мөн “Замын инженер”, “Нисэхийн инженер”, “Барилгын инженер” “Төмөр замын инженер, авто тээвэр зохион байгуулалт””, анагаах ухааны чиглэлээр суралцуулна гэжээ. Тэтгэлгийн хүсэлтийг нэгдүгээр сарын 17-ны өдрийн 12:00 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар бүртгэх юм байна. Тиймээс та дээрх хаягаар хандан цахим өргөдлөө бөглөн бичиг баримтаа бүрдүүлээрэй. Украйн улс бол дэлхийн нисэхийн салбар болон инженер технологийн салбарт алдартай бөгөөд олон чанартай, авьяастай мэргэжилтэнг бэлтгэсэн байдаг. Дэлхийн агаарын замын шилдэг нисгэгчид тус улсад боловсорсон байдаг учир жилд хэдэн мянган хүүхэд Украйнд сурах хүсэлт гаргадаг байна. Тавигдах шаардлага нь, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн нэгдүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 18-21 насны иргэн гэжээ.
Энэтхэг улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
Монгол Улсад суугаа Энэтхэг Улсын ЭСЯ, хоёр улсын Засгийн газрын соёлын салбарууд зөвшилцөөд, 2020-2021 оны хичээлийн жилд Энэтхэгийн нэр хүндтэй их дээд сургуулиудад зориулан тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Энэ удаа 60 оюутан тэтгэлгээр суралцах эрх олгосон байна. Үүнд мөн бакалавр, магистр, доктор, докторын дараах судалгааны тэтгэлгүүд багтжээ. Соёлын Харилцааны Зөвлөлийн тэтгэлэг олгох журмыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сургууль, коллеж, их, дээд сургуулиудад нээлттэй зарлаж байгаа аж. Бүртгэл хоёрдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Хэрэв та мэргэжлийн чиглэл, суралцах сургуулиа сонгосон бол дээрх тэтгэлэгт хөтөлбөр, Энэтхэг улсын Соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэг олгох журмыг сонирхож үзээрэй.