УНТЭ зарим тасаг, танхимаа шинэчлэн тохижуулжээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, сургалт эрдэм шинжилгээний төв, хурлын танхимын шинэ тохижилтын нээлт өнөөдөр болсон юм. Энэ үеэр иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд чирэгдэлгүй тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор дотоод орчны сайжруулалт, зохион байгуулалтаа шинэчилсэн гэдгээ тус хамт олон онцлов.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “УНТЭ эрүүл мэндийн байгууллагууд дотороос анх удаа олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм шинжилгээний төв байгууллаа. Сургалтын орчин онол, практик хосолж бүх орчин нөхцлийг бүрдүүлсэн төвийг УНТЭ-ийн удирдлага ажилчид хамтран зохион байгуулжээ. Төгсөлтийн дараах сургалт гэж томоохон даваа эрүүл мэндийн салбарт байдаг. Энэ эмч нараа чадвартай мэдлэг боловсролтой, төгсөлтийн дараа амьдрал дээр ямар ч өвчний үед мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах тэр боломжийг бүрдүүлэхэд чадварлаг эмч нараас гадна орчин нөхцөл сайн байх ёстой” гэлээ.