Тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
"Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлэхээр арилжааны банкуудад төлбөрийн даалгавар илгээсэн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
Хуулийн үйлчлэлд 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарах юм. Үүнд,
1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
3. Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй хамаарна.
Уг хуулийн үйлчлэлд хамаарч буй иргэдийн нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдлийг ийнхүү өнөөдөр олгож байгаа аж. Харин ирэх сараас үндсэн тэтгэвэртэй нь хамт олгогдох гэнэ. Түүнчлэн энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэд ирэх сарын 1-нээс нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд мөн хамрагдахыг тус газраас хэллээ.