Олон нийтийг хамарсан арга хэмжээг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зохион байгуулахгүй
Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Даваа гарагаас эхлэн нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлээс үл хамааран бүх сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон байх шаардлагатай. Энд холбогдох газрууд маш сайн хяналт тавьж ажилла. Ямар нэг байдлаар хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг ажилласан байвал энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаатай дүйцүүлэх ойлгох хэмжээний асуудал. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллах шаардлагатай. Онцгой комисс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллан иргэдэд цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж ажиллах нь зүйтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа гадна дотны иргэдэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай. Шинэ вирус хөрш улсуудад эрчимтэй тархаж, хил орчим илэрч байгаа учраас хот руу орох хяналтын цэгүүдэд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллана. Эрүүл мэндийн газар шаардлагатай техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийнхээ жагсаалтыг гаргаж танилцуул. Ханиад томуугаар өвчилсан хүүхэд багачуудын тоо өсөж байгаатай холбоотойгоор дүүргийн эмнэлгүүд хүүхдүүдийн эмчилгээ үйлчилгээнд онцгой анхаарч ажилла. НЭМГ шаардлагатай тоног төхөөрөмж авах судалгаа тооцоог гаргаж, холбогдох газруудад өгөх хэрэгтэй, боложтой зардлыг шийдэж ажиллана” хэмээлээ.
Мөн дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад хандан олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл зохион байгуулахгүй байхыг Хотын захирагч үүрэг болголоо. Түүнчлэн урьдчилан сэргийлэх гарын авлага, сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж ажиллах. Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүргэх ажлыг эрчимжүүлэх. Үүнтэй холбоотой цаг үеийн мэдээллийг Нийслэлийн онцгой комисс дээд шатны байгууллагад тогтмол хүргэж ажиллах шаардлагатайг дурьдлаа. Мөн нийслэлийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчид маск зүүж, гар барихгүй байхыг нэн даруй хэвшүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.
"Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад тогтмол чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох байгууллагууд хийж ажиллах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ болон үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, тэмцээн уралдаан, компьютер тоглоомын газар, их дээд сургуулийн нэгдсэн арга хэмжээг хориглон бага насны хүүхдийг үзвэр үйлчилгээнд дагуулж явахаас зайлсхийх хэрэгтэй эцэг эхчүүдэд таниулах, сурагчдын амралттай холбогдуулан хүүхэд, багачууд гэртээ харгалзах хүнгүй үлдэж, амь нас, эрүүл мэндэд нь нөлөөлөх аливаа эрсдэл тохиолдож болзошгүй байдлаас сэргийлэх ажлыг дүүрэг, хороо хэсгийн ахлагч нар хариуцан онцгой анхааран ажиллах” зэрэг үүрэг даалгаврыг нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан комиссын гишүүдэд өгч, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг нэн яаралтай хангаж ажиллахыг үүрэг болголоо.