А.Амбасэлмаа: Коронавирус нь суулгах, ходоод хямрах маягаар илэрч байна
БНХАУ-ын Ухань хотоос гаралтай нэн шинэ төрлийн коронавирусийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа.
-Вирусийн гарал үүслийг олон янзаар тайлбарлаж байна. Та нэгдсэн ойлголт өгөхгүй юү?
-“Шинэ” гэдэг утгаараа энэ халдварын бүх зүйл нь тодорхойгүй байлаа. Бидэнд ирсэн мэдээллээр эхлээд уушгины хатгаа гэж байсан. Үүний дараагаар өвчилсөн хүмүүсийн ихэнх нь далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэсэн, тэр чиглэлээр ажилладаг хүмүүс байна гэсэн мэдээлэл ирсэн. Гэтэл хэд хоногийн дараа энэхүү халдвар нь амьсгалын замаар, хүнээс хүнд халдварладаг болох нь батлагдсан. Түүнээс гадна ахуй, хавьтлын замаар халдварладаг байх эрсдэл байна. Сүүлийн үеийн бүртгэгдсэн өвчлөл, илэрч байгаа эмнэлзүйн шинж тэмдгээс харахад ийм байгаа юм. Суулгах, ходоодны хямрал маягаар илрэх, зүрх судасны, хүндрэхдээ уушгины хатгалгаа болж байна. Тэгэхээр энэ өвчин амьсгал, вирусийн замаар илрэх явдал байна. Тийм учраас маск зүү, гараа угаа гэж байгаа юм.
-Эмчилгээний талаар сүүлийн үеийн мэдээлэл ямар байна вэ?
-Бүртгэгдсэн тохиолдлос 50 гаруй нь эдгэсэн гэдэг баярт мэдээ байна. Энэ халдварыг анх гарахад маш яаралтай холбогдох байгууллагуудаас эмнэлзүйн удирдамж гарсан. Тэгээд эмчилгээ хийгдээд явж байна.
-Монгол Улсад вирусийн бүртгэгдсэн тохиолдол байхгүй хэрнээ эрсдэлийн зэрэг нэмэгдсэнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Үүнийг хүмүүс зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид эрсдэлийн үнэлгээг өвчлөл орж ирээгүй байхад хийж байгаа шүү дээ. Анх нэгдүгээр сарын 6-нд эрсдэлийн үнэлгээ хийсэн. Энэ бол “Монгол Улсад вирусийн халдвар зөөгдөж орж ирэх эрсдэл хэр байна вэ” гэдгийг хэлж байгаа юм. Вирус орж ирээгүй байхад орж ирэх эрсдэлийг тооцоод урьдчилан сэргийлэх авах хариу арга хэмжээгээ төлөвлөх гэж үнэлгээ хийсэн. Тэр үед дэлхий нийтэд ч эрсдэл бага байсан. ДЭМБ ч үүнийг хэлсэн. Түүнээс хойш өвчний зөөвөрлөлт нэмэгдэж, манай хил залгаа боомтуудын цаадах хотуудад илэрсэн. Энэ нь Монгол Улсын эрсдэлийг нэмсэн хэрэг.
-Оношлуурыг маргааш авах тухай мэдээлэл байна. Гэтэл оношлуургүй байж “Вирус илрээгүй” гэсэн мэдээлэл өгөөд байгаа. Энэ талаар хэлэхгүй юү?
-Монгол Улсын вируслогийн лаборатори нь олон улсын сүлжээ лаборатори. Дэлхийн 100 гаруй улстай вирусийнхээ шинэжилгээгээ харилцан солилцож судлалцдаг. Одоогоор Монгол Улс 21 төрлийн вирусийг шинэжилж, илрүүлж байна. Тэгэхээр энэ 21 төрлийн вирусийн аль нэг нь илэрвэл коронавирус биш гэж үзэж байгаа. Энэ дагуу Монгол Улсад коронавирус илрээгүй байна.