Лалын улс бүлэглэлийг хараахан ялаагүй гэдгийг анхааруулжээ
Сири дэх “Лалын улс” террорист бүлэглэлийг бүрэн устгаагүй гэдгийг АНУ-ын Зэвсэгт хүчний командлалын төлөөлөгчид Ерөнхийлөгч Дональд Трампт анхааруулжээ. Өмнө нь “Лалын улс” бүлэглэлийг ялсан гэж Д.Трамп мэдэгдээд байсан юм.“CNN” телевизийн мэдээлснээр, үлдсэн “Лалын улс” бүлэглэлийн террористууд Евфрат мөрний хөндийд ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд АНУ-ын цэргийн албан хаагчид тэднийг бүрэн устгаж чадаагүй аж.Гэсэн хэдий ч энэ анхааруулга нь Сири улсаас цэргүүдээ татахаа түр азнах шаардлагатай гэх итгэлийг Д.Трампт төрүүлж чадаагүй байна. Сири улсаас цэргүүдээ татаж эхлэх тухайгаа Д.Трамп өнгөрсөн 12 дугаар сард мэдэгдсэн билээ.Сирийн Манбиж хотод өнгөрсөн лхагва гарагт хүчтэй дэлбэрэлт болсон юм. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, энэ дэлбэрэлтийн улмаас Америкийн 4 цэргийн албан хаагч амиа алдаж, 3 хүн шархаджээ. Харин “The Washington Post” сонинд, энэ дэлбэрэлтийг үйлдсэний хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээсэн гэж мэдээлэв.