Монголд хүнсний хомсдол үүсэхгүй, баталъя
Өчигдрөөс эхлэн томоохон зах, худалдааны төвүүдийн хүнс, ахуйн барааны лангууг нийслэлчүүд хоосолсон талаар зураг олон нийтийн сүлжээгээр түгж байна. Монгол Улс мах, гурил, сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодоосоо хангаж чаддаг. Мөн аж ахуйн нэгжүүд энэ төрлийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж худалдаалах нь бий. Энэ мэт Монголын хүнсний үйлдвэрлэл хийгээд хүнсний хангамж дотоодын хэрэгцээг үргэлж хангасаар ирсэн. Ингэхээр Монгол Улс хүнсний хомсдолд орох эрсдэл байхгүй юм. Үүнтэй холбоотой Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг хүргэе.
Хүнсний ногооныхоо 90 хувийг дотооддоо хангадаг
Монгол хүнсний ногооны хэрэгцээнийхээ 90 хувийг дотооддоо хангадаг. Төмснийхөө хэрэгцээг бол бүрэн дотоодоосоо хангадаг. Өнгөрсөн онд Монгол Улс төмс 192.2 мянган тонн, хүнсний ногоо 99.5 мянган тонныг бэлтгэсэн. Монгол Улсад газар тариалангийн салбарт тариалан эрхэлдэг нийт 14728 өрх, 1401 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Нийт тариалсан талбайн 369.4 мянган га-д үр тариа, 43.8 мянган га-д тэжээлийн ургамал, 14.9 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо тариалсан.
Дотооддоо 240 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэдэг
Монгол Улс жилдээ 240 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэдэг. Үүнд 400 орчим мянган тонн улаан буудай шаардлагатай. Буудайн дийлэнхийг дотоодоос хураан авдаг. Шаардлагатай тохиолдолд импортоор авдаг. Өнгөрсөн онд гэхэд 411 мянган тонн улаанбуудай хураан авсан.
ХХААХҮ-ийн яамны мэдээлснээр улсын хэмжээнд 942.735 мян. тн үр тариа тээрэмдэх суурилагдсан хүчин чадал бүхий 63 гурилын үйлдвэр, цех байгаагаас 10 гурилын үйлдвэр цех тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хүнсний 2000 орчим үйлдвэр, цех байгаагаас гурилын үйлдвэр 63, гурилан бүтээгдэхүүний 920, бялуу үйлдвэрлэлийн 30 орчим компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрүүд жилд 50 орчим мянган тонн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Монгол Улс 70 сая малтай
Өнгөрсөн оны мал тооллогын урьдчилсан дүнг Үндэсний статистикийн хорооноос арванхоёрдугаар сарын 27-нд танилцуулсан. Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улс 70 сая 949 мянга 900 толгой малтай болжээ. Ингэснээр өмнөх оноос Монголын мал 4.5 саяар өсжээ. Үүнээс адуу 4.213.800, үхэр 4.751.700, тэмээ 472.400, хонь 32.258.700, ямаа 29.253.400 болсон байна. Энэ онд таван хошуу мал тавуулаа өсөлттэй байсан байна. Өөрөөр хэлбэл, ямаа 2.1, хонь 1.7 саяар өссөн бол үхэр 378, адуу 273, тэмээ 12 мянган тоо толгойгоор өсжээ.
Энэ онд 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Үүнээс 13 сая мал буюу 500 гаруй мянган тонн махыг дотооддоо хэрэглэнэ. Долоон сая мал экспортлох тооцоо гаргажээ. Өөрөөр хэлбэл, 174 мянган тонн мах экспортлох боломжтой байгаа юм байна. Хаврын улирлын махны хомсдлын үед дотоодын хэрэгцээг тогтвортой байлгахын тулд мах бэлтгэдэг. 2017 онд 15.8 мянган тонн мах бэлтгэсэн бол 2018 онд 12.8 мянган тонныг бэлтгэж, худалдаалсан. Тэгвэл энэ онд 14 аж ахуйн нэгж 20 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөөд буй.
Сая литр сүү нөөцлөх боломжтой
Монгол Улс жилд ойролцоогоор сая орчим литр сүү бэлтгэх нөөцтэй. ХХААХҮЯ-наас мэдээлснээр улсын хэмжээгээр хөдөө аж ахуйгаас бэлтгэх сүүний нөөц хэмжээ 2018 оны байдлаар 902.4 сая.литр. Үүнээс ингэний сүү 11.5 мянган тонн, гүүний сүү 83.9 мянган тонн, үнээний сүү 553.3 мянган тонн, хонины сүү 103.8 мянган тонн, ямааны сүү 149.8 мянган тонн байна. Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 230 үйлдвэр, цех 72 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1238 хүн ажиллаж байна. Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 928 сая литр буюу хүчин чадал ашиглалт 8-10 хувьтай байна. 2018 оны гүйцэтгэлээр 134.9 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар боловсруулсан байна.