Нэг өдөрт 73 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн иргэнийг шалгаж байна
Татварын ерөнхий газраас НӨАТ-ын хуулийн хэрэгжилт буцаан олголттой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр НӨАТ-ын урамшууллыг буцаан олгох нь хоёр хэлбэртэй байдаг. Нэг нь сугалааны тохирлоор, нөгөө нь худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ төлбөрийн урамшууллаа буцаан авах. Өнгөрсөн онд Татварын ерөнхий газар улсын төсөвт 4.5 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Үүний 24 хувь буюу 1.8 их наяд нь НӨАТ-аас төвлөрсөн. НӨАТ олгосон эхний жилд буюу 2016 онд 499 мянган хүн авсан бол өнгөрсөн онд 796 хүнд 121.6 тэрбум төгрөгийн урамшуулал буцаан олгосон. 2020 онд 996 иргэн урамшууллын буцаан олголт авна. Сугалааны тохирлын урамшууллаар 2016 онд 9.6 тэрбум төгрөг олгосон бол 2019 онд 312 мянган иргэнд 18.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон гэдгийг хэлэв. Мөн хууль бус бүртгэлүүд гарч байгаа болохоор шалгалт хийж байгаа юм байна. Жишээлбэл, нэг иргэн 8392 ширхэг буюу 346 сая төгрөгийн баримт оруулжээ. Мөн шатахуун импортлогч компаниас нэг иргэн өдөрт 16 баримтаар 73 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн байна. Энэ мэт хууль бус буцаан олголт авах санаархал иргэдэд байна. Тиймээс бид хяналт шалгалт хийж байгаагаа хэллээ. Баримт хэвлэдэггүй аж ахуйн нэгжийн тоо 56 мянга болж өсжээ. Түүнчлэн Татварын ерөнхий газар өнгөрсөн онд цахим шинэчлэл хийсэн. Энэ хүрээнд и-баримтын аппликейш нь зөвхөн баримт шивээд зогсохгүй. Иргэд өөрсдийн төлсөн татвараа харах боломжтой болсон гэдгийг дурдав. Үүний дараа албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Зарим иргэдийн урамшууллын мөнгө хасагдсан гэдэг мэдээлэл байна. Үүнд хариулт өгөхгүй юү?
-Хянаж байгаа үед мөнгөн дүнгийн тоо буурна. Хяналт дуусаад тэр хүний баримтууд хуульд нийцсэн гэж үзвэл урамшууллын буцаан олголт нь хэвийн орно.
-НӨАТ-ын буцаан олголт хэзээ орох вэ?
-НӨАТ-ын тухай хуульд зааснаар бол нэгдүгээр улиралдаа багтаан оруулах ёстой. Одоогоор манай газраас хяналт шалгалт хийж байна. Үүний дараа Сангийн яам руу шилжүүлнэ. Энэ долоо хоногт Сангийн яам руу шилжүүлчих байх. Тэгснээр буцаан олголт иргэдийн дансанд орно.
-Урамшууллын сугалаан дээр хэр хяналт тавьж байгаа вэ. Татварын ерөнхий газрын ажилтанууд сугалаанд хождог гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ?
-Сугалааны тохирол нь программаар биш олон улсын стандартын системээр хийдэг. Сугалаа нь нээлттэй болдог. Ингэхээр сугалаа шударга бус болох ёсгүй.
-НӨАТ-ын урамшууллыг улирал бүрт олгодог болох тухай яриад байгаа. Үүний талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ талаар Сангийн сайдын журам гарсан. Ер нь Татварын ерөнхий газар НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг хийхэд бэлэн.