БНСУ устөрөгчийн хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

 2040 он гэхэд БНСУ устөрөгчийн хөдөлгүүрт 6.2 сая автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдээлэв.Азийн дөрөв дэх том зах зээлтэй орны хувьд байгалийн хамгийн элбэг элемент болох устөрөгчийн хэрэглээг нэмэгдүүлж, эрчим хүчний уламжлалт эх үүсвэрүүд болох нүүрс, газрын тос болон байгалийн хийг орлуулахыг эрмэлзэж байгаа ажээ.

“Нүүрс болон бусад түлш нь нарийн ширхэгтэй тоос үүсгэж, хүлэмжийн хий ялгаруулдаг бол устөрөгч нь байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөлөөгүй, цэвэр эрчим хүч юм” гэж яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Мөн тус улсын импортын эрчим хүчний эх үүсвэрээс хамааралтай байдлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулах гэнэ. 

Энэхүү зорилтын хүрээнд 2040 он гэхэд устөрөгчийн хөдөлгүүрт 6.2 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаас 3.3 сая автомашиныг гадаадын зах зээлд экспортлох аж. Ингэснээр БНСУ нь дэлхийн байгальд ээлтэй автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэхийг зорьж байгаа ажээ. 

Энэ төрлийн тээврийн хэрэгслүүдийг мөн нийтийн тээврийн салбарт нэвтрүүлэх бөгөөд 2040 он гэхэд устөрөгчийн хөдөлгүүрт 80 мянган такси, 40 мянган автобус иргэдэд үйлчлэх юм байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.200.165)