Леонардо да Винчигийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргана ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ

Дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг Леонардо да Винчигийн таалал төгссөний 500 жилийн ойд зориулан Их Британийн 12 музейд түүний бүтээлүүдийг дэлгэн тавьж, үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.Сэргэн мандалтын үеийн уран бүтээлчийн гайхалтай 144 бүтээлийг улс даяарх 12 үзэсгэлэнд хоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 6 хүртэл дэлгэж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх ажээ. Ингэснээр агуу уран бүтээлчийн бүтээлүүдийг үзэж сонирхох хамгийн өргөн боломж бололцоо британичуудад бүрдэж байгаа юм.Мөн тавдугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 13-нд Лондон хотноо оршдог Букингемийн ордон дахь Хатан хааны галерейд Л.Винчигийн 200 гаруй бүтээлийг дэлгэн тавих ажээ.“Л.Винчи бол дэлхийн түүхэн дэх хамгийн агуу, алдартай уран бүтээлчдийн нэг маргаангүй мөн бөгөөд тэрбээр урлаг болон шинжлэх ухааны салбарт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан билээ. Түүний гайхамшигт уран бүтээлүүдийг ард иргэдэд үзүүлэн таниулах сайхан ажлын нэгээхэн хэсэг болж буйдаа баяртай байна” гэж Ливерпуль хотын Үндэсний музейн Европын урлагийн тайлбарлагч Ксант Брук хэлжээ.Леонардо да Винчи 1452 онд Флоренци хотод залуу хуульч болон тариачин гэр бүлээс гаралтай өсвөр насны охины нууц хүү болон мэндэлж байжээ. Тэрбээр 20 настайгаасаа эхлэн зураачаар ажиллаж эхэлсэн ба дэлхийн уран зургийн гайхамшиг хэмээн нэрлэгддэг “Сүүлчийн оройн зоог” болон “Мона Лиза” зэрэг уран бүтээлийг туурвисан билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.75.6)