Пуужин устгах гэрээнээс гарах үйл явцыг АНУ ирэх сард эхлүүлнэ

Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарах үйл явцыг АНУ хоёрдугаар сарын 2-нд эхлүүлнэ гэж тус улсын Төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэлд хяналт тавих болон олон улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч Андреа Томпсон лхагва гарагт мэдээлжээ. Гэрээнээс гарах үйл явц хагас жил үргэлжлэх төлөвтэй байна."Өчигдөр ОХУ-ын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтаас бид амжилт олсонгүй. Тус улс гэрээг дахин биелүүлнэ гэсэн шинж тэмдгийг бид олж харахгүй байгаа учир АНУ гэрээнээс гарах үйл явцыг эхлүүлэх шийдвэр гаргалаа“ гэж тэрбээр мэдэгджээ. Дээрх гэрээтэй холбоотой асуудлаарх ОХУ болон АНУ-ын байгууллага хоорондын зөвлөлдөх уулзалт Швейцарын Женев хотод нэгдүгээр сарын 15-нд болж, хоёр цаг гаруй үргэлжилсэн байна. ОХУ-ын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, Америкийн төлөөлөгчдийг Андреа Томпсон тэргүүлжээ.1987 оны 12 дугаар сарын 8-нд гарын үсэг зурж, 1988 оны зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнд хүлээсэн үүргээ ОХУ биелүүлэхгүй байгаа учир АНУ уг гэрээнээс гарна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.156.170)