Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий  шүүгчдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох байсан ч хойшилжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр яллагдагч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан хойшилсон нь  яллагдагч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч н.Одонтунгалаг шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах хүсэлт гаргаснаас болжээ. Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзсан тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулж уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэдэг. Уг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тов гарах аж. Мөн яллагдагч М.Цэндсүрэн, яллагдагч Г.Цагаанцоожийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэлэлцээгүй байна.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5-1, 22.4-2.4, Эрүүгийн хуулийн 268.1, 269.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны нэгдүгээр сарын 2-нд хүлээн авчээ.

Хэргийг эргэн сануулахад өнгөрсөн онд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байсан 17 шүүгчийн зургаагийнх нь хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн юм. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Улмаар хууль шүүхийн байгууллагад хахууль өгсөн үндэслэлээр Ш.Мөнгөншагай нарын 15 хүнийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.161)