Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа
Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн бүх хүчнийг эвлэн нэгдэхийг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй уриаллаа. Энэ тухай тэрбээр лхагва гарагийн орой Ерөнхий сайдын суудалд хэвээр үлдсэнийхээ дараа мэдэгджээ.
“Парламентын хүсч буй зүйлийг боловсруулахын тулд бид хамтран ажиллах хэрэгтэй. Тиймээс урагш алхахын тулд хүчин чармайлтаа нэгтгэхийг парламентад суудалтай бүх намын гишүүдэд уриалж байна” гэж Мэй мэдэгдээд “одоо хувийн ашиг сонирхлоо хойш тавих цаг юм” хэмээн нэмж хэлсэн байна.
Их Британийн Засгийн газрын тэргүүний мэдэгдсэнээр, хэдийгээр парламентын Дээд танхим Лондон болон Брюсселийн хооронд байгуулсан гэрээг мягмар гарагт дэмжээгүй боловч Засгийн газар Brexit-ийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэж британичуудын дийлэнх нь үзэж байна. “ЕХ-г орхих тухай Их Британийн ард түмний хүсэлтийг биелүүлэхийг би өөрийн үүрэг гэж бодож байна.
Энэ үүргээ ч биелүүлэхийг эрмэлзэнэ” гэж Мэй цохон тэмдэглэжээ.Тэрбээр мөн “Либерал ардчилал” намын тэргүүн Винс Кейбл болон Шотландын үндэсний намын парламент дахь фракцын удирдагч Иэн Блэкфорд, Уэльсийн нам болох Плайд Кимру-гийн гишүүн Лиз Сэвилл-Робертс нартай лхагва гарагийн үдэш хэдийнэ зөвлөлдсөн тухайгаа мэдээлсэн байна.
Мэйн хэлснээр, Их Британийн Засгийн газрын өндөр дээд албан тушаалын төлөөлөгчид пүрэв гарагаас эхлэн хамгийн сүүлд болсон бүх нийтийн сонгуулийн дараа улс төрийн намуудын гишүүдтэй улс төрийн холбоо байгуулсан Ардчилсан нэгдэл нам зэрэг улс төрийн хүчнүүдийн “хамгийн өргөн хүрээтэй” уулзаж эхэлнэ.
“Лейборист намын тэргүүн Жерем Корбин уулзалтад оролцох шийдвэрийг одоогоор гаргаагүй байгаад миний урам хугарч байна, гэхдээ бидний үүд хаалга нээлттэй хэвээр байгаа” гэж Их Британийн Засгийн газрын тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн цааш дурдахдаа, улс төрийн хүчнүүдийн үүрэг бол 2016 онд болсон Brexit-ийн талаарх бүх нийтийн санал асуулгын дүнд үндэслэн үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд зөвшилцөлд хүрэх юм гэжээ.
Их Британийн парламент Brexit-ийн асуудлаар Мэйн боловсруулсан гэрээг батлаагүйтэй холбоотойгоор түүнд итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг лхагва гарагт явуулж, Ерөнхий сайдын суудалд нь хэвээр үлдээсэн билээ.