ЭМЯ: Солонгост 24 цагийн дотор коронавирусийн 56 тохиолдол нэмэгджээ

ЭМЯ: Солонгост 24 цагийн дотор коронавирусийн 56 тохиолдол нэмэгджээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “БНСУ-д сүм залбирал үйлдэж байсан эмэгтэйгээс коронавирусийн халдвар тархсан  мэдээллийг бид хүргэсэн. Энэ халдвар цааш улам тархан 24 цагийн дотор 56 тохиолдлоор нэмэгдэж нийт өвчлөл нь 158 тохиолдол болсон байна. БНСУ-д Сөүл, Дэгү, Чежү, Гуанжу зэрэг дөрвөн том хот, зургаан мужид коронавирусийн өвчлөл нэлээд бүртгэгдсэн. Тиймээс Солонгост байгаа монголчууд эрүүл мэндийн яамнаас өгч байгаа зөвлөмжийг дагахыг анхааруулж байна. Өвчлөл гарсан улс оронд явахгүй байхыг бид зөвлөж байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн 27 оронд коронавиусийн өвчлөл гарсан. Тиймээс иргэд зөвлөмжөө сайтар биелүүлээрэй. Ирэх баярын өдрүүдэд эрсдэл өндөр байх тул гэр гэртээ байн айл хэсэхгүй байхыг зөвлөж байна” гэв.  

ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Ариунтуяа  “ДЭМБ-ын мэдээллээр хоёрдугаар сарын 21-ны 08:00 цагийн байдлаар COVID-19 халдварын нийт 75777 тохиолдол бүртгэгдсэнээс 2129 нь нас барсан байна. Эмнэл зүйгээр оношлогдсон тохиолдол лабораториор сөрөг гарсан тул БНХАУ тохиолдлын тодорхойлолтдоо дахин өөрчлөлт оруулж эмнэл зүйн шинж тэмдгээр оношлогдсон тохиолдлоо хасаж зөвхөн лабораториор бүртгэгдсэн тохиолдлоо мэдээлээд эхэлсэн. БНХАУ-аас гадна 26 улсад нийтдээ 1098 тохиолдол бүртгэгдсэн. Шинээр Япон, БНСУ-д нас баралтын тохиолдол нэмэгдэж 8 хүн амиа алдсан" гэв.

Мөн өчигдрийн Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-ийн ажиглалтад аваад байна. Эдгээр оюутнуудын сурдаг сургуульд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тул амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй хэдий ч өвчлөл гарсан улсаас ирж байгаа гэдэг утгаар нь ажиглалтад авч, шинжилгээ хийж байгаа тухай ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.186.78)