ЕХ олон жилийн төсвийн талаар тохиролцоонд хүрч чадсангүй
Европын Холбооны /ЕХ/ гишүүн 27 орны төр, засгийн тэргүүн нар Брюссель хотод болсон хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтын үеэр 2021-2027 оны төсвийн талаар тохиролцоонд хүрч чадсангүй. Их Британи ЕХ-ноос гарсны дараа 60-75 тэрбум еврогийн төсвийн цоорхой үүссэний улмаас хэлэлцээнд төвөг учруулсан гэж Европын зөвлөлийн дарга Шарль Мишель уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Түүний хэлснээр, ЕХ-ны олон жилийн төсвийн асуудлаарх хэлэлцээ хэзээд хэцүү байдаг ч энэ удаад “Brexit”-ийн улмаас бүр хэцүү болсон байна. Үүний зэрэгцээ Мишель хэлэлцээг цааш хэдийд үргэлжлүүлэх тухай сэтгүүлчдийн асуултад хариулж чадаагүй байна. “Хугацааны талаар одоо би хэлж чадахгүй байна. Бид цаашид хэрхэн ажиллахаа ойрын өдрүүдэд зөвлөх шаардлагатай. Улс орон бүр өөрийн ашиг сонирхол, санал бодолтой бөгөөд санаа зовниж байгааг би ойлгож байна. Мөн улс бүр үндэсний парламенттай, иргэдтэй” гэж тэрбээр онцлон тэмдэглэв.
Төсвийн асуудлаар тохиролцоонд хүрэх боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа Европын зөвлөлийн дарга илэрхийлсэн байна. "Өнөөдөр бид тохиролцоонд хүрэх боломжгүйг харлаа, гэхдээ бид бие биедээ хүндэтгэлтэй хандаж, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлбэл энэ тохиролцоонд хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна" гэж Мишель дүгнэн хэлжээ.
Пүрэв гарагт эхэлсэн төсвийн асуудлаарх дээд хэмжээний яаралтай уулзалт ЕХ-ны гишүүн орнуудын хооронд үүссэн ноцтой санал зөрөлдөөний улмаас таван цагийн дараа түр завсарласан байна. Уулзалтын баасан гарагт орон нутгийн цагаар 10 цагт үргэлжлүүлэх ёстой байсан боловч оройн 19 цаг 10 минутад эхэлжээ.