Багануурын иргэд амны хаалтаа өөрсдөө үйлдвэрлэж байна
Нийслэлийн Багануур дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн оёдолчид өдөр 1000 амны хаалт хийж дүүргийнхээ болон нийслэлийнхний хэрэгцээг ханган ажиллаж байна.
Тус төвөөс гараагаа эхлүүлсэн оёдлын үйлдвэрүүд “Багануур” ХК-ийн ажилчдын нормын хувцас, дүүргийнхээ сургуулийн сурагчдын форм, биеийн тамирын хувцасыг нийлдэг болсон талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайханыг Багануур дүүрэгт ажиллах үеэр танилцууллаа.
Хотын захирагч С.Амарсайхан ЖДҮ-ийг дэмжих төвийн ажилчдад хандан амжилт хүсээд жижиг дунд үйлдвэрийг жинэхэнэ утгаар нь хөгжүүлж байгаа дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлж, нийслэлээс бүхий л талаар дэмжин ажиллахаа хэллээ.
Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан мөн Багануур дүүргийн халдвартын эмнэлгийн үйл ажиллагааны бэлэн байдлыг шалгалаа. Тус эмнэлэг нь дүүргийнхээ төдийгүй зүүн бүсийн 3 аймгийн иргэд болон Төв аймгийн сумдад үйлчилгээ үзүүлдэг юм байна. Тус эмнэлэг коронавирус илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр 30 ортой 15 тусгай тасгийг бэлэн байдалд байлгаж байгааг танилцуулав.
Хотын захирагч, НОК-ын дарга С.Амарсайхан, эрсдэл учирсан онцгой тохиолдолд хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсныг сайшааж, сэрэмжлүүлэг мэдээллийг дүүргийн хэмжээнд сайн хүргэж ажиллахыг эмч мэргэжилтнүүдэд захилаа.