БНСУ-тай харилцах бүх нислэгийг зогсоолоо
БНСУ-д шинэ коронавирусын халдварын дэгдэлт хурдацтай явагдаж нас баралтын тоо нэмэгдэж байгаа нь дэлхийн улс орнуудыг түгшээж эхлээд байна. Эрсдлээс урьдчилан сэргийлж 15 улс БНСУ-тай агаарын тээврийн зорчих урсгалаа хязгаарлаж, 6 улс бүрэн хорих шийдвэр гаргаад байна.
Манай Улс маргаашнаас буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд БНСУ-руу ирэх, очих зорчих тээврийн бүх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэлээ. Товлосон хугацаанаас хойш нөхцөл байдлыг харгалзан үзэж хориог сунгах эсэхээ шийдэх юм.
Дамжин өнгөрч байгаа транзит тээврийн зорчигчдыг тусгайлсан зохион байгуулалтын дагуу Инчеоны нисэх онгоцны буудлаас тээвэрлэн авчрахаар боллоо. Солонгосын талд дипломат шугамаар саналаа тавьж, харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргаад байна.
Нэгэнт УОК-ын шийдвэр гарсан тул БНСУ-аас ирэх 3600, Улаанбаатараас явах 1600 гаруй зорчигчийн тасалбар цуцлагдаж байна. Иргэдийн тийзийг ямар нэгэн суутгалгүй буцаах юм. Сөүл, Пусаны чиглэлд өдгөө МИАТ, ASIANA, KOREAN AIR компаниуд долоо хоногт 18 удаа нислэг үйлддэг аж.