ЭМЯ: БНСУ-д коронавирусын халдвар илэрсэн монгол залуугийн бие хүнд байна

Энэ сарын 12-нд "ОМ 201" дугаарт нислэгээр Улаанбаатар-Сөүлийн чиглэлд зорчсон манай улсын иргэн шинэ төрлийн коронавирусээр халдварласан болох нь батлагджээ.  Тодруулбал, элэгний архаг үрэвсэлтэй, 35 настай эрэгтэй эмчлүүлэхээр эхнэр, эгчийн хамт БНСУ-ыг зорьжээ. Очсон даруйдаа тус улсын эмнэлгийн хэд хэдэн байгууллагаар үйлчлүүлсэн бөгөөд Намьянжү хотын дүүргийн эмнэлэгт өчигдөр хийлгэсэн шинжилгээгээр коронавирусээр халдварласан нь тогтоогдсон байна.

Харин эхнэр, эгчид нь хийсэн шинжилгээгээр короновирусын  халдвар илрээгүй хэмээн ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Түүнчлэн "Тухайн өвчтөн  БНСУ-ын дүүргийн эмнэлгээр үйлчлүүлэх үедээ халдвар авсан байх өндөр магадлалтай байна.

Өвчтөний эхнэр, эгчээс халдвар илрээгүй учир тусгаарлаагүй байгаа. Халдвар авсан иргэн хаагуур явсан, хэнтэй ойр байсныг тодруулахаар ГХЯ, ЭМЯ, хууль хяналтын байгууллага шуурхай ажиллаж байна” гэв. 

Өвчтөний биеийн байдал одоогоор маш хүнд байгааг эх сурвалжууд хэлж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.9.9)