ЭМЯ: “COVID-19"-ийн сэжигтэй нийт 61 хүнийг тусгаарлаад байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр "COVID-19" буюу коронавирусын халдварын талаарх олон улсын нөхцөл байдал, манай улс дотооддоо авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Манай улсад өнөөдрийн байдлаар "COVID-19"-ийн сэжигтэй нийт 61 хүнийг тусгаарлан зохих шинжилгээг авч,  тандалт хийн ажиглаж байгаа ажээ. ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ  "Та бүхэнд өчигдөр орой 21:45 цагт цаг үеийн мэдээлэл өгснөөс хойш "COVID-19"-ийн өвчлөл нэмэгдсээр байна. Тухайлбал, БНСУ, Иран, Итали, Япон, АНУ-д вирусын тархалт хурдацтай нэмэгдэж байна. БНХАУ-д байдал харьцангуй тайван байгаа хэдий ч нас баралт сүүлийн гурав хоногийнхоос нэмэгдээд байна. "COVID-19"-ийн өвчлөл дэлхий нийтэд өндөр тархалттай, эрсдэл өндөртэй байна” гэв. 

Манай улсын хувьд энэ сарын 24-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5, Орхон аймагт 1 сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарч коронавирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.

 “Хоёрдугаар сарын 25-ны байдлаар, Төв аймаг, Цээл суманд-1, Багануур дүүрэгт-2, Орхон аймагт-1, Баян-Өлгий аймагт-1 иргэн гээд нийт 5 хүнийг сэжигтэй тохиолдол хэмээн тусгаарлан тандалт, судалгаа, шинжилгээ хийж байна гэв.

 БНСУ руу яваад буцаж ирээд ажиглалтад байгаа хүмүүсийн талаар тодруулахад,  ХӨСҮТ 6, "Асралт Мед" эмнэлэгт 37, аймгуудад 10, нийслэлд гэрт нь 8 хүнийг тусгаарлаж, нийт 61 хүнийг ажиглаж байна гэв. Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатарын онгоцоор Итали улсын Милан хотод болсон загварын шоунд оролцоод ирсэн, Монгол Улсын 6 иргэн, Италийн 2 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчийн үзлэг шинжилгээнд хамруулан хяналтад оруулаад байна. БНСУ-аас ирээд Баян-Өлгий аймаг руу шууд ниссэн гадаадын хүмүүсээс нэг нь халуурсан шинж тэмдэгтэй байгаа учраас  мөн тусгаарласан гэв.

Эх сурвалж: ЭМЯ-Хэвлэлийн бага хурал.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.72.229)