Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг энэ сарын 25-наас хэрэгжүүлэх саналыг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг албан ёсоор гаргаж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг чуулганаар баталсан тохиолдолд чөлөөлнө” гэсэн заалт тусгасан байна. Мөн УИХ-ын даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр уг хуулийн төслийг баталсан тохиолдолд хэзээнээс хэрэгжүүлж эхлэхийг Ж.Мөнхбат гишүүн тодрууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, “УИХ хуулийг баталсан тохиолдолд ч чуулганаар эцсийн найруулга сонсож, улмаар Ерөнхийлөгчид хүргүүлэх юм. Хуулийг Ерөнхийлөгч ёсчилсны дараа хэрэгжүүлнэ. Мөн Ерөнхийлөгч аливаа хуульд 5 хоногийн дотор хориг тавих хуулийн заалт бий. Тиймээс эцсийн найруулга сонсох, Ерөнхийлөгчийн хориг тавих 5 хоногийг өнгөрөөх, Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтлэх зэрэгт ойролцоогоор 10 хоног шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ Л.Болд нарын гишүүд хуулийг энэ сарын 25-наас эхлэн дагаж мөрдөх заалт оруулах зарчмын зөрүүтэй санал ирүүлсэн” хэмээв.

Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, “Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуульд хориг тавихгүй гэдэгт итгэж байна. Тиймээс маргааш буюу энэ сарын 18-нд энэ хуульд хориг тавихгүй гэсэн албан бичиг гаргуулж болно.

Ингэсэн тохиолдолд хуулийг Төрийн мэдээлэл эмхэтгэлд шууд нийтлэн, хэрэгжүүлж эхлэх боломжтой” гэсэн тайлбар өглөө.

Харин Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарын гишүүн Ерөнхийлөгч хориг тавих эсэхийг албан бичгээр зохицуулах хуулийн заалт байхгүй гэдгийг онцлов. Мөн өмнө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн санаачилсан Өршөөлийн хуульдаа хориг тавьж байсныг санууллаа.

Мөн үеэр Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалахын тулд уг хуулийг нэн даруй батлах хэрэгтэй хэмээсэн юм.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийг энэ сарын 25-наас хэрэгжүүлж эхлэх саналыг дэмжлээ. Уг асуудлыг маргааш буюу энэ сарын 18-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.98)