Хятадаас гадна коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 49 болжээ

Эх газрын Хятадаас гадна бүртгэгдсэн “COVID-19” коронавирусний халдварын тохиолдлын тоо нэг хоногийн дотор 465-аар нэмэгдэж, лхагва гаргийн өглөөний байдлаар 2903-т хүрсэн тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлснээр, коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 37-оос 49 болж нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар Иранд 16 , БНСУ-д 12, Италид 11, Японы нутаг дэвсгэрт 5 /үүний дөрөв нь “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид/, Хонконгт 2, Франц, Тайвань, Филиппинд тус тус нэг тохиолдол бүртгэгджээ.

Халдварын хамгийн олон буюу 1146 тохиолдол БНСУ-д, Японд 850 тохиолдол илэрсний 690 нь Ёкохама хотын боомтод хөл хорионд байгаа аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүд юм.

Эх газрын Хятадаас гадна халдвар авсан хүний тоо Италид 323, Иранд 95, Сингапурт 91, Хонконгт 85, АНУ-д 53, Тайландад 37, Тайваньд 41, Австралид 23, Малайзад 22, Германд 18, Вьетнамд 16, Францад 14, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Их Британид  тус тус 13, Макао, Канадад тус тус 10 болсон байна.

Харин Филиппин, Энэтхэг, Кувейт, Бахрейн, Испани, Оман, ОХУ, Австри, Афганистан, Алжир, Бельги, Камбож, Египет, Финланд, Израил, Ливан, Балба, Шри-Ланка, Швед, Хорват болон Швейцарт 10 хүрэхгүй тохиолдол бүртгэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.96.108)