Ираны парламентын гишүүн коронавирусний халдвар авчээ
Ираны парламентын гишүүн Махмуд Садеки коронавирусний халдвар авснаа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи өөрийгөө тусгаарлаж, эмчилгээ хийлгэж эхэлсэн гэж дүрс бичлэгээр мэдэгджээ. Тэрбээр даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Иран улс халдварын бодит тоо баримтыг нуун дарагдуулсан гэх мэдээллийг няцаасан бөгөөд энэ үеэр түүний биеийн байдал тавгүй байгаа нь илт мэдэгдэж байжээ. Албан ёсны мэдээллээр, Иранд коронавирусний халдвар авсан хүний тоо 95-д хүрсэн байна. Гэвч бодит тоо баримт үүнээс хамаагүй их гэж таамаглаж байгаа юм.
Иранд халдвар авсан хүмүүсийн тоо огцом нэмэгдэж байгаад ихээхэн түгшиж буйгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал өмнө нь мэдэгдсэн байна.
Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсыг тархалтын талаарх бодит тоо баримтыг нуун дарагдуулж байж болзошгүй гэж мэдэгдээд, коронавирусний талаар үнэн бодит мэдээлэл өгөхийг улс орнуудад хандан уриалжээ.
БНХАУ-аас гадна коронавирусний халдварын тархалтын голомт болоод байгаа гурван улсын нэг нь Иран улс юм.