Нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх цагийн хуваарь
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 07:00 цаг хүртэл тусгай хуваарьт шилжүүлэх шийдвэрийг Нийслэлийн Онцгой комиссоос гаргалаа.
Гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан талаар өнөөдөр мэдээлсэн.
Тэгвэл ажил эхэлж байгаатай холбоотойгоор тусгай хуваарийн дагуу буюу гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг явуулахаар болсон байна.
Шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 07:00 цаг хүртэл тусгай хуваарьт шилжүүлж, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл үйлчилгээний ажилчдад саад учруулахгүй байхаар зохион байгуулахыг үүрэг болгож байна" гэлээ.
Харин нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх гуравдугаар сарын 3-ныг хүртэл нийтийн тээвэр 06:00-10:00, 17:00-21:00 цагуудад бүх чиглэлд үйлчлэх бөгөөд өдрийн цагаар тодорхой хязгаартай үйлчлэхээр болсныг мэдээллээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай хуваарь гаргах бөгөөд эдгээр өдрүүдэд ариутгал, цэвэрлэгээг сайтар хийнэ гэв.