Д.Сарангэрэл: Коронавирусын 2000 оношлуур нэмж авахаар ажиллаж байна

Засгийн газраас гаргаж буй нэмэлт нөөц хөрөнгө болон ЭМЯ-ны шугамаар АХБ-ны төслийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж авах боломж бүрдэж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр УОК-ын хурлын дараа мэдэгдлээ. 

Тэрээр, эрүүл мэндийн бэлэн байдлыг хангах, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар эм тариа, эмнэлгийн хэрэгслийн нэмэлт нөөцийг бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаад буйг онцоллоо.

"COVID-19"-ийн халдвар, тархалтаас сэргийлэх талаар анх нэгдүгээр сарын 24-нд Улсын Онцгой комисс хуралдаж, 3 хоногийн дараа нь Япон улсаас шинэ коронавирусний оношлуурыг хамгийн түрүүнд оруулж ирж байсан.

Эхлээд 200 ширхэг оношлуур, дараа нь 1000 ширхэг оношлуур авсан бол саяхан 3000 оношлуурыг аваад байна. Үүн дээр нэмж маргааш 2000 оношлуур авахаар манай яамны ажилтнууд ажиллаж байна. Тиймээс коронавирусний оношлуурын хувьд хүртээмжтэй, хангалттай болно гэдэгт итгэлтэй байна" гэв.

Салбарын сайд цааш нь мэдэгдэхдээ, "Оношлуурт эргэлзэх зүйл байхгүй. Амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд шинэ коронавирусний оношилгоог давхар хийсэн. Биеийн байдал нь хүнд, хөнгөн хүмүүсээс түүвэрлэн авсан” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.75.238)