БНСУ: Коронавирустэй тэмцэх Ажлын хэсгийн ажилтан амиа хорложээ
БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа, 30 настай төрийн албан хаагч болох коронавирустэй тэмцэх ажлын хэсгийн нэгэн ажилтан Сөүл хотын төвд байрлах “Дунжагдэгюү” гүүрэн дээрээс үсэрч, амиа хорложээ.
Энэ тухай Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын газраас мэдэгдэл хийхдээ "Өнөөдөр /2020.02.25/ өглөө зам тээврийн осол гарсан дуудлагын дагуу очсон боловч жолооч машиндаа байгаагүй. Ойр орчмын хяналтын камерыг шалгахад нэгэн иргэн гүүрэн дээрх шон мөргөн зогсоод, дараа нь шууд машинаасаа бууж, гүүрнээс үсэрсэн" гэжээ.
Улмаар 09:08 цагийн орчимд аврах албаны тусламжтайгаар түүнийг голоос хайж олсон боловч аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.
Талийгаач А нь Өмнөд Солонгосын Хууль зүйн яамны харьяа Онцгой байдал, аюулгүй албаны ажилтан байсан ба шинэ Коронавирустэй тэмцэх ажлын хэсэгт ажиллаж байсан нь тогтоогджээ.
Түүний амиа хорлох болсон шалтгааныг тогтоохоор шалгаж байна. Талийгаачийн гэр бүл, ойр дотны хүмүүсийн мэдүүлэг өгөхдөө "Коронавирустэй тэмцэх ажлын хэсэгт ажиллаж байсны улмаас сэтгэл гутралд орж, тэвчихийн аргагүй нөхцөл байдлуудыг харах болсондоо маш их бухимдах болсон" хэмээжээ.
ВИДЕО: https://www.facebook.com/criminal.mn/videos/484345722449862/
Эх сурвалж: Cm.asiae.co.kr