Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоол нь төрийн албан хаагч нэр дэвших боломжийг хязгаарласан хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, хүчингүй болгож, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг УИХ-д уламжилсан юм. Тиймээс дээрх тогтоолтой холбогдож буй Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх үүднээс өөрчлөлт оруулж байгаа юм. Тодруулбал, уг хуульд, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүн, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийн ээлжит бус сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 60 хоногийн өмнө, нөхөн болон дахин сонгуульд нэр дэвших бол тухайн сонгууль болохоос 30 хоногийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгнө” гэсэн өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Хэлэлцүүлгийн үеэр Т.Аюурсайхан гишүүн, “Сонгуульд нэр дэвшигч үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн тохиолдолд заавал чөлөөлөхөөр хуульчлах хэрэгтэй. Өмнө нь сонгуульд өрсөлдөх гээд өргөдөл өгөхөд удирдлагууд нь чөлөөлөөгүй тохиолдол бүртгэгдэж байсан” гэлээ.
Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, батлав.