Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг бүртгэв
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд өрсөлдөхөөр төрийн 15 албан хаагч материал ирүүлснээс урьдчилсан байдлаар 9 хүнийг бүртгэсэн талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Энэ сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд тус зөвлөлийн хоёр гишүүнийг төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж, томилохоор заасан. Энэ хүрээнд тус зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-нд хүлээн авсан бөгөөд нийт 15 төрийн албан хаагч материалаа ирүүлжээ. Үүнээс Д.Баатарсайхан, О.Байгалмаа, Б.Баттулга, М.Ганчулуун, Д.Гэрэлчулуун, Д.Зүмбэрэллхам, Б.Лхагвасүрэн, Д.Отгонбаатар, П.Ууганбаяр нарыг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын шаардлагыг хангасан хэмээн үзжээ.
Харин бусад 6 нэр дэвшигчийн материалыг нягталж буй аж.
Төрийн албаны зөвлөлд төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссыг УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э.Түвшинжаргал ахалж байгаа юм. Харин гишүүнээр Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ахлах референт А.Амармэнд, ШЕЗ-ийн Ажлын албаны Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранцэцэг, Удирдлагын академийн дэд захирал Ш.Батсүх, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нар ажиллаж байна