БНСУ: Христийн "Шинчонжи" сүмийн пастор И Ман Хи уучлал гуйжээ

Өмнөд Солонгос дахь христийн шашны "Шинчонжи" сүмийг үндэслэгч И Ман Хи Өмнөд Солонгост шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин тараасанд уучлал эрж, засгийн газартай хамтран тэмцэхээ илэрхийллээ.

Тэрбээр өнөөдөр /2020.03.02/ Сөүлээс 60 км зайд орших Гапёнг дүүрэгт бага хурал хийж, КОВИД-19 вирус тараах санаа байгаагүй хэмээн онцолж, хүн хүчний болон материаллаг туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.

Нэг өдрийн өмнө Дэгү хотын засгийн газар 88 настай Ли болон Шинчонжи сүмийн тэргүүн нарыг хүн амины болон эрүүл мэндийн хохирол учруулсан, худал мэдээлэл өгч коронавирусийн халдвартай тэмцэх засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулсан хэргээр шүүхэд өгч буй тухай мэдэгдсэн.

"Шинчонжи" сүмийн Дэгү хот дахь салбар тус хотод коронавирус дэгдэх голомт болсон хэмээн сэжиглэгдэж буй.

Шинчонжи урсгалыг дагагч эмэгтэй хоёрдугаар сарын 18-нд КОВИД-19 вирусээр халдварлагдсан 31 дэх тохиолдол болон бүртгэгдсэн. 61 настай эмэгтэй халдвар авахынхаа өмнө болон дараа Дэгү хотын энэ сүмд дөрвөн удаа очжээ. Түүнээс хойш тус хотод коронавирусийн халдвар эрчимтэй тархаж эхэлсэн байна.

Даваа гарагийн байдлаар, БНСУ-д нийт 4212 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс Дэгү хотод 3801 хүн халдвар аваад байна. Эдгээрийн 57 хувь нь "Шинчонжи" сүмтэй холбоотой аж.

"Шинчонжи сүмд очдог 310 мянган дагагчийг коронавирусийн шинжилгээнд хамруулж эхэлсэн бөгөөд халдвар авсан хүний тоо нэмэгдэнэ гэж тус хотын эрх баригчид үзэж байна.

И Ман Хи өөрөө шинжилгээнд хамрагдсан бөгөөд сөрөг дүн гарчээ. Үүнтэй зэрэгцэн тус сүмийн дагагчид гадаад улс оронд аялсан талаарх мэдээллийг шалгаж байна.

БНСУ-ын хууль зүйн яамны мэдээллээр, "Шинчонжи "сүмийн 3600 орчим дагагч 2019 оны долоодугаар сарын 1-ээс 2020 оны хоёрдугаар сарын 27-ны хооронд Хятад улсад зорчсон байна. Тэдгээрээс 42 нь КОВИД-19 коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод зорчиж, нэгдүгээр сарын 8-нд БНСУ-д иржээ.
 

Эх сурвалж: Сөүл, Yonhap агентлаг

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.148.203)