ЭМЯ: Онгоцоор ирсэн зорчигчдоос коронавирус илрээгүй

  ХӨСҮТ-д өчигдөр буюу энэ сарын 6-нд тусгаарласан иргэдээс авсан шинжилгээгээр “COVID-19”-ийн халдвар илрээгүй гэдгийг тус төвийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.

Тодруулбал, өчигдөр 06.30 цагт Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр Италиас гурав, Австралиас хоёр иргэн ирсэн. Австралиас ирсэн хоёр иргэнд COVID-19-ийн шинж тэмдэг илэрсэн тул ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм. Харин Италиас ирсэн гурван оюутныг түр ажиглах байранд тусгаарлажээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Буянжаргал, “Монгол Улсад нэгдүгээр сарын 9-нөөс өчигдөр оройны 23 цаг хүртэлх хугацаанд  сэжигтэй 883 иргэнийг ажиглалтад авсан. Одоогоор 497 иргэн ажиглалтад байна. Өнөөдөр өглөө Истанбул-Москва-Улаанбаатарын онгоцоор 129 зорчигч ирснээс 3 хүнийг ажиглалтад авсан.

Мөн саяхан газардсан Истанбул-Москва-Улаанбаатарын онгоцоор 217 хүн ирснээс БНСУ болон Японоос ирсэн 6 иргэнийг ажиглалтад шилжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн БНСУ-ын нисэх онгоцны буудлаас дамжин өнгөрөх нислэг хийсэн 31 иргэнд үзлэг хийж байгаа.

Японоос Новосибирскээр дамжин Сэлэнгийн боомтоор нэвтэрсэн нэг хүнийг Дархан-Уул аймагт тусгаарлаад байна. ДЭМБ-ын зөвлөх багтай хамт Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байгаа” хэмээв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Гуравдугаар сарын 6-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д гурван тохиолдол тусгаарлагдсан. Тэдгээр иргэдээс коронавирус илрээгүй. Өчигдөр өглөө онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илэрсэн мэтээр ташаа мэдээлэл гаргаж, эмнэлгийн ажилтнууд, яамныхан, Засгийн газар гээд төрийн албан хаагчдын ажилд садаа боллоо. Өглөө ирсэн учраас ирсэн даруйд шинжилгээ хийгээд 24 цагийн дараа хариу нь гарсныг мэдээлж байна.

Өчигдөр ХӨСҮТ-д хоёр, Багабаянгийн амралтын газарт 12, Дархан-Уул гурав, Дорноговьд долоо, Өмнөговьд нэг нийт 25 хүнийг ажиглалтад аваад хянаж байгаа. Ажиглалт, тусгаарлалтын дэглэмээ сахиж байгаа хүмүүст талархал илэрхийлье.

Мөн цаашдаа ДЭМБ-ын зөвлөмж, халдвар голомтлон гарч байгаа улс орнуудын туршлага дээр үндэслээд цаашдын авах арга хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх хандлага байгаа. Ер нь бол дэлхийн хэмжээнд халдвар хумигдах нааштай сайхан хандлага ажиглагдаж байгаа ч анхаарлаа сулруулж болохгүй. Европт Итали маш түвэгтэй байдалд орсон. Солонгос нэлээн сайн ажилласны үр дүнд өвчнийг хяналтдаа авч эхэлж байна.
Бидний өгч буй энгийн зөвлөмжүүдийг дагаад, анхаарлаа сулруулахгүй улам хариуцлагатай байх хэрэгтэй. Хувь хүн бүрийн хариуцлага маш чухал. Ялангуяа гадаадаас ирж байгаа иргэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй байна” гэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.40.239)