БНХАУ: Хүүхдүүд коронавирусээр халдварлах эрсдэлийн түвшин томчуудтай адил байна
Хүүхдүүд шинэ төрлийн коронавирусээр халдварлах эрсдэлийн түвшин насанд хүрсэн хүнийхтэй ижил болохыг Хятадын Шенжений эрдэмтдийн хийсэн судалгаа харуулжээ.
Гэр бүлийн гишүүнээс коронавирусийн халдвар авах магадлал 15 хувьтай байна. Судалгаанаас үзвэл, 10-аас доош насны хүүхдүүд халдвар авах эрсдэлийн түвшин 7.4 хувь буюу хүн амын дундажтай ижил байна. Халдвар авах магадлал насны ангилалтай холбоогүй болох нь тодорхой байна гэж судлаачид үзэж байна. Судалгааг Жонс Хопкинс Блүмбергийн нийгмийн эрүүл мэндийн сургууль, Шенжений өвчлөлийг хянах, урьдчилан сэргийлэх төв, Харбины технологийн дээд сургуулийн судлаачид хийжээ.
Судалгаанаас үзвэл, 391 тохиолдлын есөн хувь нь хүнд хэлбэртэй байсан бол 84 хувь нь өндөр халуурах байдлаар шинж тэмдэг нь илэрсэн байна.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, сүүлийн нэг хоногт дэлхий дахинд 2241 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 143 нь Хятад улсад илэрчээ. Хятадаас бусад улс оронд нийт 2098 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 97945 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс эх газрын Хятад улсад 80552 нь ногдож байна. Хятадаас бусад улс оронд халдвар авагсдын тоо 14768 болжээ. Өнгөрсөн хугацаанд 55185 өвчтөн эдгэрч, 3383 хүн нас баржээ.
-Хатад улсад хүргэлтийн үйлчилгээний салбарын үйл ажиллагаа 90.2 хувиар сэргээд байна. Одоогийн байдлаар, шуудан хүргэлтийн үйлчилгээний гурван сая гаруй ажилтан ажилдаа буцаж оржээ. Халдварт өвчин дэгдсэнийг үл харгалзан хоногт хүргэж буй илгээмжийн тоо 160 саяыг давдаг аж. Нөхцөл байдалтай холбогдуулан шуудан хүргэлтийн үйлчилгээний албаныхан улс орон даяар хамгаалалтын болон эмнэлгийн бараа хэрэгслийг шуурхай хүргэхэд түлхүү анхаарч байгаа аж.