Истанбул хотоор дамжсан монгол иргэд тэндээ саатжээ
Монгол Улсын онцгой комисс хуралдаж, БНСУ, Япон, Европ тивийн улсуудаас ирэх 1000 иргэнээ авахаар тусгай үүргийн дөрвөн онгоц нисгэхээр болсон.
Харин нэн түрүүнд хүндэтгэх шалтгаантай, эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр явсан, жирэмсэн, ахмад настан, бага насны хүүхэд, визний хугацаа дууссан, дамжин өнгөрч явсан зэрэг иргэдийг татан авахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр 2020 оны гуравдугаар сарын 15-нд Сөүл, Берлин, Москва, 16-нд Япон, 17-нд Истанбул чиглэлд нислэг хийхээр төлөвлөжээ. Нислэг хийх зөвшөөрлөө тус улсуудад хүргүүлсэн ч Турк улсаас одоогоор манай улсын онгоцыг хүлээн авах хариугаа өгөөгүй байгаа аж. Үүнээс болж эх орондоо ирэхээр Истанбул хотоор дамжсан монголчууд тэнд саатаад байна. Харин нислэгийг зөвшөөрвөл Монголоос тусгай үүргийн онгоц нисч, Истанбулд саатсан олон зуун иргэн эх орондоо ирэх юм байна.
Эх сурвалж: montsame.mn